Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Мэргэн кап-2024 тэмцээнд аймгийн мэргэн Т.Энхнаран, Улсын мэргэн Б.Бутваан нар тэргүүлжээ

Аймгийн Үндэсний сурын холбооноос санаачлан зохион байгуулсан Монгол улсын Мэргэн цолтой харваачдад хүндэтгэл үзүүлэх Мэргэн кап-2024 тэмцээнд Дорнод аймгийн харваачдын холбоо, аймгийн мэргэн, Спортын мастер Т.Энхнаран түрүүлжээ.

Анх удаа зохиогдсон тус тэмцээнд улсын цолтой 32 харваач оролцжээ. Шилдэг 128 харваач цэц мэргэнээ сорьж, ам авах байдлаар явагдсан харвааны дэд байрыг Үндэсний сурын Номин клубын харваач Монгол Улсын Мэргэн Б.Бутваан эзэлжээ.

Төрийн наадмын 39 түрүү Сүхбаатар аймагт чууллаа. Зүлэг ногоон дэвжээ алтан шар зурхайд минь мэргэдийн авшиг буян шингэж, нутгийн минь харваачдаас Улсын цолтон төрөн гарах мөч ойрхон байгаа гэж бид бүхэн билэгшээж байна. Мэргэдүүдээ нэгэн дор цуглуулж, улсын хэмжээнд анх удаа ийм төрлийн тмоохон тэмцээнийг зохион байгуулах боломжийг олгосон, үндэсний спортоо дэмжигч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Ганбатын Мөнхболдод нийт харваачднхаа өмнөөс талархал илэрхийлмээр байна. Бидний олон жилийн хүсэл, зорилгыг энэ хүн болоод аймгийн ЗДТГ, БТСГ зэрэг төрийн байгууллагууд маань бодит ажил хэрэгб олгож чадлаа хэмээн аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван сэтгэгдлээ хуваалцсан юм.

Улсын мэргэдэд аймгийн удирдлагууд тусгайлан талархал, хүндэтгэл илэрхийлж, орон нутгийн зүгээс үндэсний спортоо дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байдгаа хэлсэн байна.  

Үндэсний спорт тэр дундаа сурын спортыг сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн маш том тэмцээн болсны дээр хамрах хүрээ, ач холбогдол, зохион байгуулалтын хувьд хангалттай сайн байсныг мэргэдүүд энэ үеэр сайшааж байлаа.