Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Улсын мэргэдүүдээр ахлуулсан сур харваан тэмцээн болно

Улсын мэргэдүүдээр ахлуулсан 128 харваачийн тэмцээн зургаадугаар сарын 1-нд Баруун-Уртад болно. Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны санаачилгаар улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол Улсын мэргэн цолтой 24 харваач оролцохоо мэдэгджээ.

Тодруулбал, Монгол Улсын дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн гурав, даян мэргэн долоо, Монгол Улсын мэргэн арав, хүндэт мэргэн дөрөв ирэхээр болсон байна.

Тэмцээнд эрэгтэй 64 эмэгтэй 64 харваач оролцоно. Цолныхоо эрэмбээр харваачдаас амлаж, нийт арван сум тавих бөгөөд хамгийн их оносон харваач дараагийн амаа авах байдлаар үргэлжилнэ.

Энэ бол манай холбооны олон жил төлөвлөж, хүлээж байсан үйл ажиллагаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай улсын бүх мэргэд ингэж нэг дор тэр тусмаа орон нутагт чуулж байсан удаагүй. Тиймээс маш том үйл ажиллагаа, маш том тэмцээн гэж ойлгож болно. Нөгөө талаар орон нутгийн шинэ залуу харваачдаа тэдгээр мэргэдээс суралцаасай, үлгэр жишээ аваасай гэж хүсэж байгаа. Мэргэдийн авшигийг шингээж, урам зориг, эрч хүчийг нутагтаа авч үлдэнэ гэдэг ховор завшаан гэж Үндэсний сурын холбооны тэргүүн Э.Сансартайван хэллээ.

Үндэсний спорт тэр дундаа сурын спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах хүрээнд аймгийн Сурын холбоо идэвх санаачлагатай ажилладаг. Тодруулбал, харваачдаа чадавхжуулах зорилгоор МУГТ, дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтай нэг жилийн гэрээ байгуулж, дасгалжуулагч багшаар ажиллуулж байна. Мөн өнгөрсөн жилээс аймгийн БТСГ-ыг үндэсний сурын дасгалжуулагчийн орон тоотой болгож, Монгол Улсын мэргэн Л.Одсайхан хүүхэд багачуудад зориулсан дугуйлан хичээллүүлж эхэлжээ.

Тус аймагт сурын спортоор хичээллэдэг 200 харваач байдгаас гадна ихэнх сум сурын холбоотой болж, үндэсний их баяраа эрийн гурван наадамтай хийдэг болж хэвшсэн байна.