Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг Мөнхийн цагаан саам хоршоо сүүний чиглэлийн 20 үнээтэй. Үнээгээ гар аргаар, өдөрт хоёр удаа сааж, 100 гаруй литр сүү борлуулдаг.
Зуны цагт сүүгээ өөрсдөө боловсруулж олон төрлийн цагаан идээ үйлдвэрлэдэг бол өвөлдөө албан байгууллагууд болон дэлгүүрүүдэд захиалгаар нийлүүлдэг байна. Богино хугацаанд хэдийн өөрийн гэсэн үйлчлүүлэгч, захиалагчтай болжээ.
А.МӨнх-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сараас хойш өөрийнхөө сонирхлоор үнээний фермер ажиллуулж эхэлжээ. Анх өрхийнхөө хэмжээнд долоон үнээ сааж сүү, цагаан идээ боловсруулж борлуулдаг байсан туршлага дээрээ үндэслэн энэхүү фермерээ байгуулсан байна. Ингэхдээ улс даяар хэрэгжиж байсан Шинэ хоршоо хөдөлгөөнийг судалж Мөнхийн цагаан саам хоршоогоо байгуулж, хөнгөлөлттэй зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Хар тарлан, алатау, семинтал үүлдрийн үнээнүүдтэй. Бяруу, бух нь нийлээд 30 давна.
Тугалан бярууг нь худалдан авах сонирхолтой хүмүүс их байдаг ч А.Мөнх-Эрдэнэ зарах сонирхолгүй. Харин ч илүү өсгөн үржүүлж, тоо толгойг нь нэмэх сонирхолтой. Учир нь цаашид ч дан энэ чиглэлээрээ ажиллаж хоршоогоо илүү өргөжүүлэхийг хүсдэг. Байгуулагдаад удаагүй ч төр засгаас хэрэгжүүлсэн зөв бодлого, бодит дэмжлэг залууст олон боломжийг нээж өгч байгааг тэрээр тодотгож байлаа. й
Эдний хоршоо таван өрхийн 11 гишүүнтэй. Хоёр өрх нь хоршоо дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж нийт 90 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Тус хоршоо байгуулагдснаар зургаан иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 гаруй хоршоо бий. Үүний 200 гаруй нь Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд шинээр байгуулагджээ.