Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Э.Түвшинбаяр: Хүн бүрийг зөгийн бал хэрэглэдэг болгох нь миний хүсэл

Түмэнцогт суманд зөгийн аж ахуй эрхэлж, орон нутгийн иргэлээ цэвэр балаар хангаж буй үйлдвэрлэгч Э.Түвшинбаяртай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд төгсөх курсын оюутан. Өөрөөр хэлбэл тэрээр суралцангаа үйлдвэрлэлээ эрхэлдэг гэдгээрээ онцлог.

Сайн байна уу. Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Энхтөрийн Түвшинбаяр гэдэг. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул. ХААИС-ийн төгсөх курсын оюутан одоо 21 настай.

Яг хэзээнээс зөгийн аж ахуй эрхэлж, балыг нь орон нутагтаа үйлдвэрлэж эхэлсэн юм бэ?

-2013 онд өрхийн хэмжээнд үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. Манай ааь, ээж хоёр их хөдөлмөрч хүмүүс л дээ. Газар тариалан, хадаа аж ахуйн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Багаасаа л тэр хоёрыгоо дагаж, ажилд нь тусалж явсаар өнөөг хүрсэн. Сүүлийн жилүүдэд бие даан үйлдвэрлэлээ явуулж, бага багаар хөгжүүлж  байна.

Танайхтай ижил төстэй үйлдвэрлэгчид бий юу?

-Манайхтай ижил төстэй байгууллга одоогоор байхгүй. Сүхбаатар аймгийн цор ганц бал үйлдвэрлэж буй зөгийн аж ахуй гэж хэлж болно.

Танай бүтээгдэхүүний онцлог давуу тал нь юу юм бэ?

-Давуу тал маш олон бий. Хэлсэнчлэн цор ганц гэдэг бол бидний хамгийн том давуу тал. Манай аж ахуй Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумдын заагт байрлах Хар ямаат гэх байгалийн дархан цаазат тусгай хамгаалалтын газарт байрладаг. Энд маш олон төрийн болон нэн ховор эмийн ургамал ургадаг. Тиймээс бид 100% байгалийн  органик зөгийн бал үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай. Тиймээс Сүхбаатар аймгийн нүүр царай болох шилдэг брэнд бүээгдэхүүний нэг болох бүрэн боломжтой гэж бодож байна.

 –Жилдээ хичнээн хэмжээний бал үйлдвэрлэж байна. Борлуулалтаа яаж хийдэг юм бэ?

 -Яг тодорхой хэлэх боломжгүй л дээ, харилцан адилгүй өөр өөр байдаг. Байгалийн шалгуур маш их нөлөөлнө. Ер нь үнэхээр сонирхолтой сэтгэлтэй болоод тууштай хүн л энэ ажлыг хийж чадна даа. Бүтээгдэхүүн маань сум орон нутагтаа болоод хөрш зэргэлдээх сумдадаа хэдийн танигдсан. Тиймээс ихэнхдээ шууд гар дээрээсээ л борлуулчихдаг. Байнгын үйлчлүүлэгчид маань ч аваад сурчихсан. Сүүлийн үед өөр аймаг сумаас захиалга авч үзэж байна.

Сурахынхаа хажуугаар энэ ажлаа хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Долоо хоног бүрийн баасан гарагт хичээл тараад шууд л нутагруугаа явна. Ааж ээждээ тусалж, аж ахуйн ажлаа ч амжуулчхаад бүтэн сайны орой эргээд л Улаанбаатар хотруугаа явдаг даа. Одоо ч бүр сурчихсан даа.

Яагаад ер нь энэ чиглэлийг сонирхсон юм бэ. Өөрийнхөө эрхэлж байгаа ажилдаа зориулж бараг мэргэжлээ сонгосон байх тийм үү?

-Яг үнэн. Энэ миний хамгийн ярих дуртай сэдэв. Ярихдаа ч нүүр бардам байдаг. Анх аж ахуйтай болно гэж зөгий үржүүлэгүй л дээ. Зүгээр л өрхийнхөө хэрэгцээнд,  эрүүл мэндээ бодож зөгийн балыг тогтмол хэрэглэх үүднээс эхлүүлж байсан. Тэгээд зөгийг маш их судалсан. Би хүн бүрийг зөгийн бал хэрэглээсэй гэж хүсдэг.Яагаад гэвэл манай монголчууд эмийг маш замбараагүй хэрэглэдэг. Тухайн эмийг үйлдвэрлэхдээ 2-3 төрлийн эмийн ургамлыг ашиглан, химийн урвалд оруулаад эцсийн бүтээгдэхүүн болгодог. Харин зөгий гэдэг амьтан өөрөө байгалийн асар олон мянган цэцэгсийн шүүсийг цуглаан бал бий болдог. Энэ маань хүний биед орж, бүх эд эсэд нөлөөлж дархлааг маш сайн дэмждэг. Тиймээс би өөрийн хийж байгаа ажлаа бизнес гэж хардаггүй. Энэ бол Монгол хүн бүрийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа үйл гэж харж байгаа. Энэ ажлаа эхлээд орон нутгаасаа эхлүүлж буй төдий.

Удахгүй их сургуулиа төгсөх юм байна шүү дээ. Төгсөөд хаана ажиллана гэж боддог вэ?

-Магадгүй төв газарт ажиллаж амьдрах байх гэж бодох хүмүүс байгаа байх. Гэхдээ надад огтоос тийм бодол төрдөггүй. Төрж өссөн нутаг Сүхбаатар аймгийн Түмэнцогтдоо ажиллаж амьдрана. Би ХААИС-ийн төгсөх ангийн оюутан хэдий ч давхар хууль, эрх зүйгээр суралцаж байгаа. Энэ сайхан нутагт төрж, өссөн хүний хувьд эргүүлээд нутагтаа иргэнийхээ үүргээ биелүүлэх ёстой гэж боддог. Орон нутгаа, сумынхаа ирээдүйг сайн сайхнаар төсөөлж,  тэр хөгжлийнх нь төлөө өөрийн чадах бүхнээ зориулна гэж бодож байгаа.

Мэдээж өмнөө тавьсан том зорилго байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Хамгийн том зорилго, мөрөөдлөөсөө та бүхэнтэй хуваалцъя л даа.  Манай аймаг тал хээрийн бүс нутаг. Дэндүү сайхан нутаг. Би эд баялагийн төлөө биш, харин энэ сайхан нутаг усаа онгон дагшнаар нь хадгалах, хамгаалах, бүр илүү сайхан болгохын төлөө зорьж яваа залуу. Тийм ч учраас томоохон уул ус, байгалийн үзэсгэлэнт газрыг битүү ногоон төгөл болгон ойжуулна гэсэн зорилготой. Үүнийгээ ч хэрэгжүүлэх эхлэлээ тавьж, суралцсаар явна.

Орон нутагт ХАА салбарыг тэр дундаа та бүхэн шиг хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд цаашид анхаарах асуудал нь юу гэж харж байна. Яг дотор нь ажиллаж, сайн муу гнь үзэж яваа болохоор асуумаар санагдлаа л даа?

-Надтай нийлж энэ зөгийн аж ахуйг авч яваа залуус бий. Бид бүх сэтгэл зүрхээ зөвхөн үүндээ л зориулж ажилладаг. Шинэ юм хийе гээд зорьу зүтгэж байгаа залуус маш олон бий. Гагцхүү иргэд хортой хүнсэнд эрүүл мэндээ даатгахгүйгээр  нутгынхаа үйлдвэрлэгч залуусыг дэмжээд өгвөл бидэнд, тэдэнд илүү их боломж байгаа гэж би боддог. ХАА салбар бол хаанаа ч хэзээ ч уг нь нэг номерт байх учиртай. Хүнсний аюулгүй байдал маш чухлаар яригдаж буй энэ цаг үед жинхэнэ органик хүнсийг хэрэглэх ёстой. Гэтэл манай аймагт энэ төрлийн бүтээгдэхүүний сонголт,  нийлүүлэлт хараахан санасан хэмжээнд биш байгаад харамсдаг. Гэхдээ сайхан цаг ирнэ гэдэгт би итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.