Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ МАХ ХУДАЛДААЛДАГ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдын өгсөн чиглэл, үүргийн дагуу өнөөдөр /2024.12.12/-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газраас Шадар сайдын ажлын алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран Амгалан худалдааны төвд Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт, зөвлөмжийг хийж ажиллалаа.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулж байгаа мал, амьтны гаралтай түүхий махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт болон тээвэрлэлт, хадгалалт, худалдааны агуулах, лангуу нь холбогдох стандарт, “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын болон эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг газар дээр нь шалгах, холбогдох баримт бичгийг хянаж ажилласан юм.

Мөн Зах, худалдааны төвүүдийн дотоод хяналтын лабораторийн итгэмжлэл, түүхий маханд хийж буй шинжилгээний явц, үр дүнг хянах, Худалдаалж буй мал, амьтны гаралтай түүхий махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн магадлан шинжилгээнд хамруулах, шинжилгээний дүнгийн дагуу холбогдох шийдвэрийг гаргах, Махны худалдаанд ашиглаж буй жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжил зүйн үзүүлэлт нь холбогдох хууль, дүрэм журам, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг эталон хэмжүүр ашиглан газар дээр нь шалгалт явууллаа.

Цаашид ч хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмолжуулах юм.