Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Угсаатны зүйн музейн хосгүй үнэт үзмэр Дарьганга эхнэрийн хувцас

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь өөрийн сан хөмрөгтөө 2500 гаруй үзмэртэй. Хоёр хосгүй үнэт үзмэр байдгийн нэг нь Дарьганга эхнэрийн иж бүрэн хувцас, гоёл чимэглэл юм. Дарьганга эхнэрийн хувцас нь малгай, дээл, ууж, толгойн болон хувцасны гоёл чимэглэл, гутал зэргээс бүрддэг.

Дарьганга эхнэр малгайн шовх оройг сүмбэр уулыг дүрсэлсэн гэдэг. Түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 Монгол хэмээгээд, оройгоос унжсан улаан залаа нь 32 хөх Монголыг  гийгүүлж буй улаан нарны туяа цацран буйг илэрхийлжээ. Малгайны дотуурх хар хүрээг Монголыг бүсэлсэн харийн дайсан гэсэн бол түүний ар талын сэтэрхий нь мөнөөх дайсан араараа сэт татагдан устаж Монгол хүний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хөх, улаан өнгийн бүч унжуулдаг болсон билэгшээлтэй. Энэхүү малгай нь гар оёдлоор хийгдсэн бөгөөд Дарьганга сумын иргэн н. Ичинхорлоо эдлэн хэрэглэж байжээ.

Толгойн боолт нь нарийн дугариг хэлбэртэй. Үүнийг мөнгө буюу алт шармалаар үйлдэж,шүр шигтгэн гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Толгойн боолтны хоёр хажуу руу унжсан хэсгийг санчиг буюу татуур гэдэг. Дарьганга толгойн боолт нь магнай, санчиг сагалдарга, ээмэг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Толгойн боолтны урд хэсэгрүү мөнгөөр гинжилсэн тор хийн түүний үзүүрээс шүр сувд унжуулна. Мөн санчигийн мөнгөн гинжээр болон хээ угалз бүхий хэлбэр дүрстэй хавтгай мөнгөн дээр шүр шигтгэн чимж нарийн тансаг харагдуулна. Энэхүү боолтыг зүүх үед эрүүн доогуур унжих шүр болон сувдан унжлагуудыг сагалдарга хэмээн нэрлэдэг.

Дарьганга эхнэрийн түгээмэл чимэглэлүүдийн нэг бол шалиг юм. Шалигийг хувцасны гадуур хоёр ташаанд унжуулдаг. Шалигийг өөрөөр таван саваагүй гэж  нэрлэдэг. Шалиг нь шүрэн толгой эргүүлэгтэй байх  ба дугуй бэлний хүрээгээр луун хээг мушгируулан ороолгож, мөнгөөр урласан байна. Хоёр хажуу болон доод хэсгээс мөнгөн гинжин унжлага хийн үүнээс үнэртний сав, хумсны хир авагч, чихний ухуур, шүдний чигчлүүр тэргүүтэй гоо сайхны зүйлсийг цалин цагаан мөнгөөр уран тансаг хийсэн байдаг байна.

Дарьганга эхнэр дээлийн ханцуй нь торго тууз алаглуулсан эрээн гоёлтой, их биетэйгээ үргэлж, нударгатай, зах нь өндөр, нэг эмжээртэй байдаг. Дарьганга эмэгтэйчүүдийн хувцасны нэг нь эхнэр дээлэн дээр давхар өмсдөг ууж юм. Ууж нь ханцуйгуй, энгэр тууш задгай, уужны урт дээлийнхээ урт эн тэнцүү байдаг. Оноо нь бүсэлхийнээс эхлэн ар болон урдаа байна. Уужийг дээл хийх эдээс өөр өнгийн эдээр хийх бөгөөд зах энгэрийг нь өргөн хоргойгоор эмждэг. Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй энэхүү дээл нь хүр хорхойн шүлсээр хийгдсэн, гар оёдолтой дээл юм. Харин уужны хувьд хар торгоор хийгдсэн бөгөөд хормойн хээний хэсэгт хос баяр гэсэн ханзтай.

Гутлыг булгиараар хийж өмсдөг байжээ. Гутлын хамар нь дээшээ ээтэн байх бөгөөд янз бүрийн хээ угалзаар чимэглэж болдог.