Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Сумын эрүүл мэндийн төвд жилдээ1-2 эх тогтмол амарждаг

Түвшинширээ сумын хүн эмнэлэг 16 ортой. Гурван их эмч, зургаан сувилагчтай. Мөн эх баригч эмчтэй бөгөөд жилдээ 1-2 эхийг тогтмол орон нутагтаа эсэнд мэнд амарждаг байна.

Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх хоёр байранд орон нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг тус хамт олон үзүүлдэг. Сум нэгдсэн халаалтад холбогдсноор эмч ажилчид болон иргэд тохилог дулаахан орчинд ажиллаж, хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэг өөрсдийн нөөцөөр лабораторийн тоног төхөөрөмжийг авсан ч мэргэжлийн боловсон хүчин байхгүй учир ашиглаж чадахгүй байгаа гэлээ. Тиймээс лаборант нэн шаардлагатай. Ингэснээр шээс, цусанд гэх мэт ерөнхий шинжилгээнүүдийг өөрсдөө хийх боломж бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илү  сайжирна гэж эмнэлгийн эрхлэгч С.Өнөржаргал хэллээ.

Мөн эмнэлгийг нэн даруй цэвэр, бохирт холбох шаардлагатай. Учир нь ахмадууд болон эмчилгээний дэглэмтэй иргэд өдөр шөнөгүй, ялангуяа өвлийн улиралд гадагш гарах нь эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж буйг ч учирлаж байв.

Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан аймгийн Засаг дарга М.Идэрбат боломжит байдлыг судалж, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Мөн шаардлагатай боловсон хүчнээ татаад ирвэл орон нутгаас бодлогоор дэмжиж, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөрт хамруулж, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ.