Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Нэгдсэн халаалтад холбогдсон нь Түвшинширээ сумын хамгийн том давуу тал

Улс, аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй, хувийн хэвшилтэй концесын гэрээ байгуулж хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө орууалтаар Түвшинширээ сумыг нэгдсэн халаалтад холбосон. Өнгөрсөн өвлийг хүндхэн давсан тус сумын ААНБ-ууд энэ жил дулаан, тохилог орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид тус суманд ямар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэгдсэн халаалт буюу дэд бүтцийн асуудал шийдэгдэж, тус сумын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь тавигдсан учир үүнийг маш том давуу тал, боломж гэж аймаг, сумын удирдлагууд харж байна. Үүнийгээ түшиглээд цэвэр, бохирын системийг нэвтрүүлэх ажил нэн тэргүүнд яригдаж байгаа.

Мөн хамгийн их эрэлттэй байгаа төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барих, гэр хорооллын айл өрхүүдийг халаалтад холбох ажлууд ирэх жилүүдэд хийгдэнэ.

Энэхүү уурын зуух нь одоогоор үндсэн ачааллынхаа 50-60 хувьд л хүрч ажиллаж байгаа учир цаашид хэрэглэгчдийн ачааллыг даах бүрэн хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний доголдлоос ч үл хамаарна. Өөрөөр хэлбэл анхнаасаа цахилгааны нэмэлт эх үүсвэрийг цуг шийдсэн учир тог тасарсан ч уурын зуух хэвийн ажиллаж, хэрэглэгчид халаалтгүй болох гэх эрсдэлгүй.

Тус уурын зуух ашиглалтад орсноор сумын 10 орчим иргэн тогтмол ажын байртай болжээ.