Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Японы засгийн газрын санхүүжилтээр нэгдсэн эмнэлгийг засварлана

Японы засгийн газрын 233,748 ам.долларын санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлгийн дээврийн их засвар болон бусад урсгал засварыг энэ онд хийхээр болж, талууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийн буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэв.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон орон нутгийн төлөөллүүд оролцов.

АНЭ-ийн барилгад сүүлийн 30-аад жил их засвар хийгээгүй, дээврээс дусаал гоожих, цахилгааны тоноглолын гэмтэл, саатлаас үүдэн цахилгаан тогтмол тасардаг зэрэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлийг бий болгож байгааг АНЭ-ийн дарга Д.Алтантуяа хэллээ. Харин дээрх төслийг хэрэгжүүлснээр эдгээр асуудлууд шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид тав тухтай орчинд ажиллах, эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж бүрдэх юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгуй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн төсөл улсын хэмжээний 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжих 15 дахь төсөл болж байна.