
Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн Ч.Багвар аймгийн Нийтийн номын сангийн хамгийн ахмад бөгөөд идэвхтэн уншигч. Өдгөө 92 настай. Сургуульд сураагүй ч ахаамаар бичиг сэг заалгаж бие даан уншиж сурснаасаа хойш ном уншиж байна.
1952 онд цэргийн албанд татагдаж очоод ерөнхий эрдэмд суралцаж, номонд илүү ихээр дурлах болжээ. Цэргээс халагдаж ирээд номыг шимтэн уншдаг болоод 60 гаруй жил болжээ.
Тэрбээр монгол роман болон үргэлжилсэн үгийн зохиол унших дуртай. Телевиз гэхээсээ илүү номноос өөрт хэрэгцээт мэдээллээ авдаг. Хэдэн ч удаа уншсан уйддаггүй ном нь Д.Маамын Газар шороо роман гэв. Одоо дахиад нэг унших бодол байгаа. Учир нь тус зохиол дээр манай удмын дээдсийн нэг хүний тухай гардаг гэдгийг хожим олж мэдсэн. Тиймээс дахин уншиж, түүхээ судалмаар байна гэж Ч.Багвар ярилаа.
Нас дээр гарсан ч хараа хурц хэвээр. Номоо уншихдаа шил ч зүүдэггүй. Гэрээсээ алхаж ирээд дооо хоног унших номоо сонгож аваад явдаг байна. Сүүлийн үед ном их уншснаасаа болж ядраад байгаа учир хүүхдүүд нь уншихад нь хязгаар тавьж, мөн унаагаар гэр, номын сангийн хооронд зөөдөг болсон гэнэ.
Ч.Багвар гуайн нэг хүү нь мөн аавыгаа дагаад ном унших дуртай. Харин ач зээ нараа ном уншуулах гээд хүчирдэггүй тухайгаа ярилаа. Сүүлийн үеийн хүүхдүүд гар утаснаас салааа болисон. Уг нь ном уншвал өөрсдөд нь хэрэгтэй. Хүн яаж амьдрах ёстой вэ гэдгийг ном заагаад өгдөг. Би боловсрол эзэмшээгүй ч мэдэх зүйлээ хэнээс ч илүү мэднэ. Тиймээс хүн бүрийг ном уншдаг байгаасай гэж хүсдэг хэмээн тэрээр хуучилсан юм.