
Нийтийн номын сангийн дэргэдэх “Бид уншигч” клубын ахлагч Г.Болорчимэг дөрвөн жилийн хугацаад 720 гаруй ном уншиж, 540 номын тэмдэглэл хөтөлж, 260 удаагийн номын тухай яриа хэлэлцүүлгийг хийжээ. Тэрбээр аймгийн Нийтийн номын сангийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд хамгийн идэвхтэй, хамгийн бүтээлч уншигч.
Багаасаа ном унших дуртай байсан тэрээр клубт харъяалагдснаар номонд илүү ихээр дурлаж, шимтэн унших болсон гэнэ.
Тэрбээр ярихдаа, би өвөөгийн охин. Анх таван настай байхад өвөө маань тоо, үсэг зааж өгсөн. Багаасаа л уншдаг хүүхэд байсан. Гэхдээ ганцаараа уншихаас илү олуулаа уншаад, хоорондоо ярилцах нь тухайн ном, зохиолоо илүү сайн ойлгодог. Тийм ч учраас манай клуб Би биш бид гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол номонд дуртай, ном унших сонирхолтой хүүхдүүдийн нэгдэл гэж ойлгож болно. Бид хамтдаа уншиж, хамтдаа суралцдаг. Дан ганц уншихаад орхих биш тухайн номынхоо тэмдэглэлийг байнга хөтөлдөг. Ингэснээр бүтээлч сэтгэлгээ нэмэгддэг юм шиг санагддаг. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн миний номын тэмдэглэлүүд надад үлдэх маш том хөрөнгө гэж би боддог. Ер нь номыг амьдралд суралцах, өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж бодож ном уншдаг. Хүүхэд бүрийг уншигч байгаасай гэж бас хүсдэг. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелээлэхийг хүсвэл эхлээд өдөрт нэг, хоёр хуудас ном уншихаас эхлүүлээрэй гэж бусдад уриалах дуртай гэв.
Г.Болорчимэг түүхэн болон ховор ном унших дуртай. Гэвч сүүлийн үед хувь хүний хөгжилд зориулсан номыг уншиж судлан, ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгоход илүү анхаарах болжээ.