Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Номын сангийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Хүйтэн, таазнаас нь дусаал гоожсон, мөөгөнцөртсөн гээд хүндхэн орчинд ажиллаж буй ажилчид эрүүл мэндээрээ хохирч байна. Тав тухгүй ийм орчинг зорин ирэх үйлчлүүлэгч ч эрс багасжээ.

Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан өөрийн байргүй. 2008 оноос хойш Жаахан шарга театрт байрлаж, орон нутгийн иргэд уншигчдад үйлчилж байна. Гэвч театрын барилга ашиглалтад орсноосоо хойш их засварт ороогүй учир сүүлийн жилүүдэд хана, шал, цонхноосоо дулаан алдаж өвөлдөө маш хүйтэн, таазнаас нь зундаа борооны ус, хавартаа цасны ус гоождог болоод уджээ. Энэ бүхэн нь ажилчдын болоод байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Нөхцөл байдал амаргүй байгаа ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах гээд өөрсдийн нөөц бололцоогоороо манай хамт олон хичээж байна. Газрын асуудал, зураг төсвийн асуудлаа аймгийн удирдлагуудад уламжлаад нааштай хариу хүлээж аваад байгаа. Ажилчдаа ээлжлээд боломжтой үеүүдэд цахимаар ажиллуулж, халаагуур авч өгөх, ариутгал хийх зэргээр зохион байгуулалт хийж байна. Манай байгууллагад байр ашиглалтын зардал, төсөв гэж тусдаа байдаггүй болохоор бие дааж хэсэгчилсэн засвар үйлчилгээ хийх боломж хомс байдаг гэж Нийтийн номын сангийн захирал Э.Амарбат хэллээ.

Номын сан 12 ажилтантай. Ажилчид ажлын байраа өөрсдөө тогтмол цэвэрлэж, дулаалж арга хэмжээ авдаг ч үр дүн байдаггүй учир гадуур хувцастайгаа эсвэл зузаан юм нөмөрч суун ажлаа хийдэг. Амны хаалтыг ч тогтмол зүүдэг болжээ. Олон жил өвөлдөө ийм нөхөлд ажиллаж буй албан хаагчид эрүүл мэндээрээ хохирч, ханиад хүрч хатгалгаа тусахын зэрэгцээ хоёр номын санч мөөгөнцрөөс гаралтай харшилтай болжээ

Сүхбаатар аймгийн нийтийн номын сан гурван танхим, 45 мянган номтой. Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг ч уншлагын танхимууд нь жижиг, өвөлдөө хүйтэн, орчин нь дуу чимээ ихтэй. Тиймээс номын сангийн барилга ажилчдаас гадна уншигч үйлчлүүлэгчдэд нэн шаардлагатай байгаа юм.