Ноолуурын борлуулалт хэзээ эхлэх вэ гэдэг хүлээлт малчдын дунд байсаар байна. Тус аймгийн хувьд ноолуур худалдах анхны үнийг тогтооно гэдэг мэдэгдлийг хийсэн ч одоогоор энэ ажил бэлтгэл ажлын төвшинд үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл малчдын ноолуурыг бүртгэж баталгаажуулсны дараа борлуулалтыг албан ёсоор эхлүүлэх юм байна. Улмаар аймгийн хэмжээнд ноолуур борлуулах ажил 06 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж.
Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэлэхдээ, ХХААХҮЯ-аас дахин ажлын удирдамж ирсэн. Энэ чиглэлийн дагуу сумдын ХАА-н тасгаас малчдын нийлүүлэх боломжтой ноолуурын хэмжээг авч байна. Малчдад арьс ширний урамшуулал олгодог зармаар малчдын ямааны тоо, ноолуурын хэмжээ, мөн цайвар болон бор ноолуур гэсэн ангиллаар бүртгэн авч байна. Мөн малчдын дансны дугаарыг баталгаажуулж байгаа. Учир нь сумдын ХАА-н тасагт бүртгүүлсэн ноолуурыг үйлдвэрлэгчид шууд худалдан авах юм. Ингэхдээ аймгийн хэмжээнд нэг килограмм ноолуурыг 105 мянган төгрөгөөс эхлэн авахаар төлөвлөж байгаа. Зөвхөн манай аймагт 3-4 үйлдвэрлэгч байгууллага ирж ноолуур авахаар бэлтгэгдэж байна. Эдгээр байгууллагууд бүгд одоогоор банкуудтай гэрээ байгуулах ажлаа өөр өөрсдийн хэмжээнд зохион байгуулж байна.
Эхний ээлжинд дээрх байгууллагууд Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Мөнххаан сумдад очиж, газар дээр нь ноолуурын худалдааг шууд хийнэ. Хамгийн гол нь малчид ХАА-н тасагтаа бүртгэлээ үнэн зөв өгсөн байх шаардлагатай. Эхний худалдааг ирэх долоо хоногт эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бусад сумдууд чиглэлийн дагуу бүртгэлээ хийнэ. Ноолуурын борлуулах ажил дөрөвдүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ гэлээ.
Т.Одончимэг