Уртын гэгээ ОНӨҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн нэрлэж заншсанаар 60 айлын орон сууцны таван орцны хонгилыг цэвэрлэн нийт 15 машин хогийг гаргасан байна. Мөн дотор нь архины хамааралтай хүмүүс амьдарч байсан тохиолдол ч гарчээ. Улмаар энэ явдлыг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэн, харин хогийг нэгдсэн цэгт төвлөрүүлж, орц хонгилд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Уртын гэгээ ОНӨҮГазар нь нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцнуудын орц хонгилын цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор эдгээр газруудад хуваарийн дагуу их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийж байна.
Хуучны, баригдаад удсан орон сууцнуудын хонгилоос их хэмжээний хур хог, лаг шавар гарч байгааг хэлж байна. Тиймээс иргэд хогоо зориулалтын цэгт хаяж, цэвэр цэмцгэр хотыг цогцлоохын төлөө нэгдэн ажиллахыг тэд уриалж байсан юм.
Т.Одончимэг