Коронавирусний тархалтаас үүдэн Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдэд олон асуудал тулгарч, хүндрэл бэрхшээл их гарч байгаа. Үүнтэй холбогдох өргөдлүүд ч аймгийн засаг даргад цөөнгүй иржээ. Тиймээс АЗДТГ-аас холбогдох газруудтай хамтран энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцэж, саналаа солилцсон юм.
Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд болон ХАҮТ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, ХХҮГ, банк болон худалдаа үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Сүхбаатар аймгийн хэмжээнд 19 ААНБ-ын үйл ажиллагаа 100 хувь болон 50-70 хувиар буурчээ. Эдгээр байгууллагуудын нийт 3,1 тэрбум төгрөгийн зээл бий. Үүнээс гадна тэд халаалт дулаан цахилгаанаас эхлээд урсгал зардлуудыг ч тогтмол төлж байгаа. Тиймээс эдгээр газруудад төрийн зүгээс зохих дэмжлэг үзүүлэх саналыг аймгийн ХАҮТ-аас тавьсан юм.
МҮХАҮТ-аас явуулсан коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж буй нөлөөний судалгааг нийт бизнес эрхлэгчдийн дунд явуулжээ. Уг судалгаанд Сүхбаатар аймгаас хамрагдсан ААНБ-ын 76,7 хувь нь дээрх арга хэмжээний сөрөг нөлөө маш их байна гэж хариулжээ. Мөн нийт ААНБ-ын 45 хувийнх нь орлого 50-иас дээш хувиар буурсан байна. Тодруулбал, нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны нэгдүгээр улиралд 49 сая төгрөг байсан бол 2020 оны нэгдүгээр улиралд 0, зочид буудлын салбарынх 131 саяаас 37 сая, паб караокеных 19 саяаас 0, баар шөнийн цэнгээний газрынх 37 саяаас 0 болж буурчээ. Ямартай ч нөхцөл байдал үнэхээр хүнд байна гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. Тиймээс ХАҮТ-аас хүргүүлж буй саналыг аймгийн удирдлагууд холбогдох байгууллагуудтай хэлэлцэхээр шийдвэрлэв.
Т.Одончимэг