Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасаг авто машины парк шинэчлэл хийж, цоо шинэ хоёр авто машинтай болжээ. Сум хөгжүүлэх сангийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авсан авто машинуудыг сумын удирдлагууд Цагдаагийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгчээ. Ингэснээр алба хаагчид ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлыг хангах үүрэгт ажлаа чанартай гүйцэтгэх боломжтой болсон байна.
Эрдэнэцагаан бол Сүхбаатар аймгийн хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай, хилийн цэргийн отряд, олон улсын хилийн боомттой сум. Мөн аймгаасаа хамгийн алслагдмал буюу 220 километр зайтай. Гэтэл тус сумын цагдаагийн тасаг сүүлийн жилүүдэд ямар ч автомашингүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Нэг пургон машин данс бүртгэлд байдаг боловч ашиглагдахгүй болоод удсан байна.
Энэ талаар Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ж.Итгэлт хэлэхдээ, Цагдаагийн тасгийг авто машинтай болгох ажил олон жилийн өмнөөс яригдсан. Өнгөрсөн хугацаанд шаардлагатай тохиолдолд болон алсын дуудлагад төр захиргааныхаа эсвэл хүний машиныг гуйж явдаг байсан. Энэ тухай Улсын Онцгой комиссын даргад танилцуулж, улмаар нэг авто машиныг шийдвэрлүүлсэн боловч одоогоор бидэнд ирсэн зүйл алга. Харин алба хаагчдын нөхцөл байдлыг маш сайн ойлгож, бидний ажлыг дэмжин ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан сум орон нутгийн удирдлагуудад маш их баярлаж байна. Сумдын удирдлагууд цагдаагийн тасаг, хэлтэстээ авто машин шийдвэрлэж өгдөг ч манайх шиг хоёроор нь авч өгч байсан тохиолдол байхгүй гэдгийг хэллээ.
Дээр хэлсэнчлэн хүн амын хөдөлгөөн ихтэй учир тус суманд гэмт хэрэг гарах нь элбэг. Ялангуяа хулгай болон танхайрах төрлийн гэмт хэрэг, зөрчлүүд тогтмол үйлдэгддэг байна.
Тус цагдаагийн тасаг нь зургаан алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Т.Одончимэг