Фитнесс клубд хичээллэсэн иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас улирал бүр 60 мянган төгрөгийн буцаан олголтыг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх шаардлагыг Ханан фитнесс клуб хангажээ.
Эрүүл мэндийн сайд болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтэд тэнцэж, улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 13 клубийн нэгээр тодорсон. Ингэснээр манай клубээр үйлчлүүлсэн иргэн ЭМДС-ийн буцаан олголт буюу урамшуулалд хамрагдах боломжтой болоод байна. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлтгэж, бүртгэлийн программаа ашиглалтад орууллаа. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хурууны хээгээр бүртгэлээ заавал баталгаажуулах ёстой. Энэ бүх нөхцөл боломжийг бүрдүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор манай клубийн зүгээс нэг сарын хугацаанд фитнессжүүлэх аяныг өрнүүлж эхэлсэн гэж Ханан фитнесс клубийн дасгалжуулагч багш, ОУХМ С.Ууганзаяа хэллээ.
Буцаан олголтод хамрагдахын тулд үйлчлүүлэгч нь эрүүл мэндийн даатгал төлдөг байхаас гадна тухайн фитнесс клубд гурван сарын турш хичээллэхэдээ долоо хоногт 2-3 удаа, улиралд нийт 24 удаа явсан байх шаардлагатай.
Ханан фитнесс клуб нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, мэргэжлийн ур чадвартай багш нартайгаар стандартын байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Онцгой нөхцөл байдал үүсч, хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед өдөр бүр мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжүүдийг мөрдөн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай зөвлөмжийг боловсруулан тэднээр мөрдүүлэн ажиллаж байна.
Т.Одончимэг