Уулбаян сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж бүтээсэн ёслол хүндэтгэлийн их өргөөг бурхан багшийн дүйчэн өдрөөр нээж, ашиглалтад орууллаа. 15 их ханатай гэрийн хэмжээтэй энэхүү өргөөг Уулбаян сумын уугуул Гандантэгчилэн хийдийн Тамгын газрын дарга асан,Ловон лам,Уулбаян сумын Дэчинчойнхорлон хийдийн дархан хамба лам Б.Эрдэнэхүү өөрийн жундагуудын хамтаар босгожээ.
Нийт 160 сая төгрөгийн өртөг бүхий ёслол хүндэтгэлийн өргөө нь бүрэн тохижилттой бөгөөд гадна талдаа уран зураг бүхий гороолсон ханатай. 15 их ханатай гэрийн хэмжээтэй учир суманд ирсэн гадна дотнын зочдыг хүлээн авах, нийтийн баяр ёслол тэмдэглэх, залуу гэр бүлийн хуримын ёслолыг хийх зэргээр ашиглах боломжтой аж.
Багш маань нутаг орноо гэсэн сэтгэлээр анх нутгийнхаа хийдийг бүрэн шинэчилсэн. Улмаар дахин энэхүү хүндэтгэлийн өргөөг сум орон нутагтаа хүлээлгэн өгөөд байна. Сүхбаатар аймгийн аль ч суманд байхгүй хийд, ёслол хүндэтгэлийн өргөөг Уулбаянчууд бий болголоо. Энэ бол Дэчинчойнхорлин хийдийн 30 жилийн ой, сумын түүхт 100 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд юм. Үүнээс гадна Б.Эрдэнэхүү багш маань сумынхаа зорилтот таван өрхийг хашаажуулж амьдрах орчныг нь бүрдүүлээд байна. цаашид ч ойн хүрээнд олон олон ажлыг сум орон нутагтаа хийнэ гэдэг саналаа бидэнд өгөөд байгаа гэж Уулбаян сумын засаг дарга Д.Шижирбаатар хэллээ.
Т.Одончимэг