УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигч Н.Ганибал ноолуурын асуудлаар мэдэгдэл хийлээ. Учир нь ноолуураа аль 04 дүгээр сард тушаасан малчид, иргэд өнөөг хүртэл ноолуурын мөнгөө олж авч чадаагүй байгаа юм.
Тэрээр уг мэдэгдэлдээ, Ардчилсан Нам Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтоохыг онцолж байгаа билээ. Тус мөрийн хөтөлбөрийн хүрээнд би энэхүү мэдэгдлийг хийж байна.
“Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалж, авилгаас ангид ажиллах чадавхтай засаг, хүн бүр ажил албан тушаалаас үл хамаарч, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэдэг шударга хууль сахиулах болон шүүхийн тогтолцоо, мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.” Энэ бол манай намын хөтөлбөр. Би хувь хүний хувьд үүнийг 100 хувь дэмжиж байна.
Өрсөлдөгч нам болох Монгол Ардын нам шударга ёсны тухай маш их ярьдаг. Манай нутгаас гаралтай Ерөнхий сайд У.Хүрэлсүх улстөржих цагтаа улстөржье, өөрөөр хэлбэл сонгуулийн хугацаанд л улс төрөө ярья, бусад цагт нь нэг нутаг ус, нэг голын хүмүүс эвтэй найртай байж, төрөлх аймаг орон нутаг, иргэд малчин ардынхаа төлөө нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж, зүтгэе гэж уриалдаг. Би үүнтэй мөн адил 100 хувь санал нэгтэй байдаг.
Гэвч 2020 оны 4 дүгээр сард буюу сонгууль болохоос хоёр сарын өмнө малчид ноолуураа зарж орлого олдог ид үед Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт 105 мянган төгрөгөөр, зах зээлийн бус ханшаар ноолуур худалдаж авах шийдвэр гаргасан. Энэ бол шууд утгаараа улс төржилт гэдгийг бүх хүн ойлгож байгаа. Иргэдийн саналыг татах зорилготой байсан гэдэг нь мөн адил тодорхой. Үгүй байсан бол хамгийн олон сонгогчтой дөрвөн суманд биш Сүхбаатар аймгийн бүх сумдад, цаашлаад Монгол Улс даяар энэ арга хэмжээ хэрэгжих ёстой байсан.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.
Энэ утгаараа ноолуур худалдаж авах үйл ажиллагаа нь эхнээсээ хууль зөрчиж, Ерөнхий сайдын сонгуулийн үед л улстөржье гэсэн уриалгыг үл ойшоосон явдал байсан. Түүгээр зогсохгүй сонгогч олонтой дөрвөн том сумаас ноолуур авч, бусад сумдын ард иргэдийг ялгаварлан гадуурхсан. Ноолуурын зах зээлийн ханш тухайн үед 85 мянган төгрөг байхад 105 мянган төгрөгөөр зарна гэж хүлээсэн бусад найман сумын малчид өнөөдөр 60 орчим мянган төгрөгөөр ноолуураа зарсан. Эдгээр найман сумын айл өрхүүд дунджаар нэг сая төгрөгөөр хохирсон. Мөн ноолуураа өгсөн дөрвөн сумын малчид өнөөдөр хүртэл ноолуурынхаа мөнгийг аваагүй байна. Засгийн газраас ноолуурын урамшуулал болгож килограмм тутамд олгож буй 20 мянган төгрөг малчдын зээлийн хүүнд төлөгдөж дууслаа.
Тэр байтугай Засгийн газраас Монголын нийт малчдад олгосон ноолуурын урамшууллыг гэрээнд заагдсан 105 мянган төгрөгөөс хасна гэж мэдэгдэж байна.
Монгол Улсын хуулинд ийм зүйл байхгүй. Сонгуулийн жил ноолуурыг өндөр үнээр худалдаж авах үйлдэл нь хууль бус байсан шигээ гэрээнд огт тусгагдаагүй Засгийн газрын урамшууллыг гэрээнд тодорхойлон батлагдсан дүнгээс хасах нь мөн л хууль бус юм. Хууль бус төдийгүй энэ бол малчин ардыг дорд үзсэн доромжлол, иргэдийн хууль зүйн мэдлэг хомс байдлыг далимдуулсан залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна.
Ноолуурын энэ асуудал бол малчин ардын амьжиргааг доройтуулсан бөгөөд иргэдийн эрх тэгш байдалд халдсан, тэднийг ялгаварлан гадуурхсан асуудал боллоо. Ноолуураа 105 мянган төгрөгөөр “Улааны хүмүүс”-т өгнө гэж хүлээж байгаад ноолуураа өгч чадаагүй үлдсэн найман сумын иргэдэд маш их хэмжээний алдагдал хүлээлгэсэн, шударга ёсны хэм хэмжээг хэтэрхий уландаа гишгэсэн үйлдэл байсан. Ноолуураа зах зээлийн эрэлттэй үед нь борлуулж чадаагүй сумдын иргэд ойролцоогоор өрх бүр нэг сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Нийт дүнгээрээ үлдсэн найман сумын иргэд зургаан тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн.
Намайг ноолуурын асуудлаар улстөржиж байна гэж байгаа бол тиймээ үнэн. Энэ сэдвээр улстөржиж, малчин ардынхаа эрх ашгийг хамгаалахгүй бол би улс төрч гэж яваад яах юм бэ.
Эрх барьж буй намын нэр дэвшигч нарт би хатуу анхааруулъя – Иргэдийн саналыг авах зорилгоор анх эхлүүлсэн энэ ажлаа гэрээнд заасныхаа дагуу хэрэгжүүлж дуусга. Малчдаас авсан ноолуурынхаа мөнгийг гэрээнд дурдсан 105 мянган төгрөгөөр, алдангийн хамт яаралтай төлж барагдуул. Бусад найман сумын ноолуураа цаг тухайд нь зарж чадаагүй малчдын цаг хугацааны болон ханшийн алдагдлыг төлж барагдуул. Дараа нь сонгуульд оролцож тэр хүсэн хүлээсэн саналаа ав.
Гэрээний дүнгээс нэг төгрөг ч дутаах эрх та нарт байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын эрүүгийн болон иргэний хуулиар ийм эрх хэнд ч олгогдоогүй.
Хэрвээ гэрээний дүнгээс нэг төгрөг л дутуу малчдад олгох юм бол миний зүгээс малчдынхаа эрх ашгийг хамгаалж, малчидтайгаа нийлэн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахын төлөө тууштай тэмцэх болно.
ШУДАРГА ЁС МӨНХӨД МАНДАН БАДРАГ.
Ардчилсан Намаас УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Наянтайн Ганибал 2020 оны 6 дугаар сарын 7 Сүхбаатар аймгийн Онгон сум гэжээ.