Өнгөрсөн 04 дүгээр сард ноолуураа Засгийн Газартаа тушаасан малчид өнөөг хүртэл ноолуурын мөнгөө хүлээсээр. Зөвхөн Баяндэлгэр сумаас гэхэд л 70 орчим тонн ноолуурыг нь худалдан авчээ. Харин малчдын гар дээр өнөөг хүртэл мөнгө нь ирээгүй байна. Жилдээ ганц удаа авдаг мөнгөөрөө малчид бараг бүтэн жилийнхээ ажил амьдралыг зохицуулдаг гэхэд хилсдэхгүй. Хуучин жишгээрээ ченж нарт тушаачихаад банкны зээл бусад өр төлбөрөө төлж барагдуулчихаад санаа амар сууж байх малчид өнөөдөр банкны зээлийн хүү, дэлгүүр хоршооны өрөнд дарагдан аргаа барж сууна. Үнэхээр байдал хүнд байгаа учир тэвчээр нь алдарсан малчид өөрсдийн дуу хоолой, бодит нөхцөл байдлаа ийнхүү ярьж байна.
Баян багийн малчин Х.Сумъяа
Бидний ноолуурыг зүгээр ч аваагүй малчдыг дээрэнгүйлж хэдэн зуун грамм, килограммаар нь хассан. Энэ хүмүүсийг бид одоо яах ёстой вэ, эсвэл бид ингээд хохироод үлдэх үү. Бид бүхний болохгүзй байгаа зүлйиг л ярьмаар байна. амжилттай сайн сайхан яваагаа, хийж бүтээснээ ярьж ханалаа. Тэртээ тэргүй хэн ч байсан төрийн хүмүүс хийх ёстой юмаа л хийсэн. Нэг их онцлоод байх зүйл үгүй. Тиймээс цаашид иргэдийнхээ төлөө, малчин бидний төлөө ярьмаар байна. мөрийн хөтөблөр биш мөнгө бидэнд хэрэгтэй байна. Зүв зүгээр өгөөд болж басан хүмүүсийн ноолуурыг авч явчихаад өдийтөдийхоног өнгөрлөө. Амьдрал ахуй хэцүүдлээ. Бид яах ёстой вэ. Ноолуурынхаа мөнгийг даруйхан авмаар байна.
Дэлгэр багийн малчин Ц.Ванчинсүрэн
Миний аав насаараа МАН-ын дэмжиж ирсэн. Би ч гэсэн энэ намыг дэмждэг хүмүүсийн нэг. Би намдаа гомдоогүй ээ, сайн намын нэр сүрийг гутааж байгаа муу хүмүүст үнэхээр гомдож явна. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Ч.Улаан сайд маань гэтэл намынхаа нэр сүрийг, малчин биднийг үнэхээр аллаа шүү. Малын арьс шир үнэгүй болж хог дээр хаягдлаа. Одоо бүр ноолуурыг нь аваад алга боллоо. Ноолуурын асуудал дээр Ч.Улаан сайд илүү юм дугаараагүй бол байдал ийм хүнд дээрээ ирэхгүй байлаа. Үнэхээр хэцүү боллоо шүү малчид бид чинь. Банк, сумын төвийнхөө хэдэн дэлгүүрт бүх малчид өртэй. Одоо энэ хэдэн дэлгүүрийнхэн маань ч бидэнтэй бүр эвлэрлээ. Та нар минь мөн ч хэцүү байнаа даа, ноолуурынх нь мөнгө сураггүй л байна уу гэдэг. Эд ч бас ардаа амьдралтай улс. Одоо энэ асуудлыг яавал дээр вэ, бидэнд туслаач. Дэмжиж ирсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг сонсохоос өмнө мөнгөнийхөө сургийг л гаргамаар байна.
Ширээт багийн иргэн Д.Анхбаяр
Ямар компани бид нарын ноолуурыг аваад явчихав аа. Ямархариуцлагагүй хүмүүст бид ноолуураа өгчихөв өө. Ингэхдээ ноолуураас яагаад тэгж их хасах болов. Энэ талаар тодорхой хариулт авмаар байна. Ямар нэг хасалт хийлгэхгүй анх өөрсдийн хэмжсэн жингээрээ, мөн гэрээ байгуулсан үнээрээ мөнгөө авмаар байна гэв.
Ийнхүү ноолуурынхаа мөнгийг хүлээж туйлдсан малчид арга барахдаа УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч З.Энхтөр, Т.Ганди нарын иргэд сонгогчидтой хийсэн уулзалтад очиж, мөнгөө хэзээ орохыг асууж бас даруй өгөхийг шаардлаа. Нэр дэвшигч З.Энхтөр, ноолуурын мөнгө хэзээ олгохыг мэдэхгүй, бид ч малчид та нартай адилхан мэдээлэлтэй яваа хүмүүс. Бид Засгийн газрын өмнөөс албан ёсны хариулт өгөх хүмүүс биш, энгийн нэг нэр дэвшигчид. Тиймээс бид ноолуурын мөнгөний талаар сайн мэдэхгүй гэсэн бол, нэр дэвшигч Т.Ганди хэлэхдээ, энэ бол тухайн гэрээ байгуулсан компани, ААНБ-ын хариуцлагатай холбоотой. Тиймээс ноолуур авсан компанийн удирдлага, төлөөллүүдийг долоо хоногийн дотор авчирч иргэд, малчидтай уулзуулах, улмаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг бид хамтран зохион байгуулна гэж ам өчиг өгсөн юм.
Намын мөрийн хөтөлбөр бус мөнгө нь чухал байгаа малчид ноолуурын мөнгө яг хэзээ орох бол гэдэг асуултандаа хангалттай хариулт авч чадалгүй сэтгэл госнсгор байна. Гэсэн хэдий ч ноолуураа тушаасан компанийн төлөөлөлтэй уулзах юм байна, удахгүй шийдэгдэх байлгүй гэх битүүхэн горьдлого тээн буцлаа.
Т.Одончимэг