Баруун-Урт сумын баруун дор, бүр тодруулбал жолооны дромын хойд дор олны нүд, хөдөлгөөнөөс хол газар ингэж зориудаар барьсан байранд МАН-ын сошиал баг буюу хар ПИ АР-ын баг байрлаж өдөр шөнөгүй цахим орчинд бусдыг гүтгэн доромжилж харлуулах, улмаар иргэд сонгогчдыг хооронд нь талцуулах ажлыг хийж байжээ. Хоёр гэрт суурин болон зөөврийн 10 гаруй компьютер дээр үл таних гадны залуучууд ажиллаж, бусдын удирдлагаар дээрх ажлыг хийж байсан байна. Ингэхдээ гаднаа давхар харуул хамгаалалттай байсан байна. Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу энэ хууль бус үйлдлийг нь баталгаажуулахаар очсон залуусын биед нь халдаж, гар утас машины бичиг баримтыг нь булаан авч танхайрчээ. Улмаар дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид ирж хяналт шалгалтын арга хэмжээг авч, өдгөө хэргийг шалгаж байна.
Бусдыг хуурамч хаягаар сошиал орчинд гүтгэн доромжилж, өрсөлдөгчдөө харлуулах гэсэн хууль бус, бусармаг арга нь дэлгэгдэж, олонд ил болж, хууль хяналтынхны хараанд өртсөн МАН-ын баг, сонгуулийн штабынхан бантахдаа, “Хэсэг залуус МАН-ын хуулийн багийнханруу дайрлаа” гэх хэн ч итгэмээргүй худал мэдээллийг нөгөө л сурсан аргаараа сошиалд тарааж эхэлжээ. Бүр төв нам нь ч энэ талаар сүржин мэдэгдэл хийсэн. Тэд эцсээ хүртэл Сүхбаатарчуудыг тэнэг мэтээр үзэж төөрөгдүүлсээр байна. Нэг намын хуулийн баг бусдын нүд чихнээс далд, тэгээд 10 гаруй компьютер ашиглан, ямар ч хуулийн мэдлэггүй залуучуудын хамтаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэдэгт хэн ч итгэхгүй.
Сүхбаатар аймгийн АН-аас өгч буй мэдээллээр, тухайн байрлаж байсан газраас хураасан эд хогшил, ажлын төлөвлөгөө зэргээс харахад ямар ч хуулийн ажил бус харин ч хууль бус зүйлүүд байгаа гэдгийг хэлж байна. Үүнийг нь ч Цагдаагийн газраас хэргийн нотлох баримтаар хураан авсан байна.
сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөхөн хоног үлдээд байна. Сурталчилгаа эхэлснээс хойш эхний өдрүүдэд тайван байсан сурталчилгааны ажил хоёр гуравхан хоногийн өмнөөс хурцдах шинжтэй болсон. Ялангуяа УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг гутаан доромжлох, гүтгэж харлуулах явдал эрчимжсэн. Гэтэл энэ бүхний гол шалтгаан ердөө дээрх үйл явдалтай холбоотой байжээ.
Ямартай ч энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа. Хэргийн үнэн мөнийг удахгүй тогтооно бизээ.