Монгол Улсын мэргэн Л.Одсайханы цолны мялаалга наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо. Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны мэргэний цолны мялаалга наадмыг Монгол Улсын үлэмж мэргэн Ц.Хүдэрчулуун, даян мэргэн Б.Ёндон, дархан мэргэн Х.Оюунчимэг, даян мэргэн Д.Эрдэнэтуяа тэргүүтэй улс аймгийн цолтой 250 гаруй харваач зорин иржээ.
Мялаалга наадам гурван хэсгээс бүрдсэн бөгөөд шинэхэн мэргэнээ Сүхбаатарчууд их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн. Учир нь Л.Одсайхан нь Д.Сүхбаатараас хойш 99 жилийн дараа улсын наадмын түрүүг авчирсан харваач юм.
Наадмын үеэр сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү тэмцээн нь тус аймагт төдийгүй зүүн бүсийн хэмжээнд болж буй хамгийн анхны том тэмцээн гэдгээрээ онцлог байлаа.
Т.Одончимэг