Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОЮУТНУУДЫГ БУЦААХ АЖИЛД УИХ-ЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

12 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос дөрвөн автобусаар Сүхбаатар аймгийн 100 гаруй оюутныг хүргэнэ. Эдгээр оюутнуудыг шууд Баруун-Уртад авч ирэх юм.

Үүнээс гадна энэ өдөр  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын дэмжлэгээр нэмэлтээр хоёр автобус гаргаж, Сүхбаатар аймгийн урд зүгийн сумд болох Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумдын  оюутнуудыг нутагт нь хүргэхээр  замдаа гарчээ. Эдгээр хүүхдүүд нь бүгд оюутны дотуур байранд байсан бөгөөд гишүүийн зүгээс оюутнуудын  аюулгүй байдлыг  хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс  оюутан нэг бүрт замдаа хэрэглэх нэг удаагийн халдваргүйжүүлэлтийн багцыг өгчээ. Уг багцад амны хаалт 10 ширхэг, гар ариутгагч, хуурай нойтон сальфетик, дархлааны ундаа, витамин зэрэг багтжээ.

Мөн Батлан хамгаалахын сургууль, хөгжим бүжгийн коллеж гээд бусад и дээд сургуульд сурч байгаа Сүхбаатар аймгийн оюутнуудад энэхүү нэг удаагийн хэрэглээний багцыг хүргүүлжээ. Үлдсэн оюутнуудыг маргааш орон нутагруу нь буцаах юм байна.