Аймгийн МХГ-ын даргын баталсан найман заалт бүхий төлөвлөгөөний дагуу Баруун-Урт суманд “Зай барь” аяныг өнгөрсөн долоо хоногт амжилттай өрнүүллээ. Энэ хүрээнд худалдаа үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж, хувийн мэдээллийн бүртгэл хөтлөх, халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг тэмдэглэгээг хийх, амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх зэрэг ажлуудыг хэвшил болгожээ.
Хэдийгээр аян цөөн хоног үргэлжилсэн ч үр дүнтэй байлаа. Хяналт шалгалт, тандалтын үед илэрсэн гол зөрчил нь хувь хүмүүстэй холбоотой буюу эцэг эхчүүд бага насны хүүхдийг гадуур дагуулж явах нь элбэг байна гэдгийг МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Сансартайван хэллээ.
Ийнхүү мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллыг сахиулахад анхааран ажиллаж байгаа бол ААНБ-ууд тэдний өгч буй заавар зөвлөмжүүдийг дагаж мөрдөн, хэрэгжүүлж байна. Харин иргэд өөрсдөө ингэж хойрго хандах нь олон хүний хичээл зүтгэлийг үр дүнгүй болгох эрсдэлтэй. Тиймээс иргэдийг ухамсартай байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байсан юм.
Аймгийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлсэн “Зай барь” аян долоо хоног үргэлжилсэн бөгөөд тус аянд Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй 64 ААНБ хамрагджээ.
Т.ОДОНЧИМЭГ