Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ӨНГӨРСӨН ОНД АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧИД 12 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ

Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой энэ өдөр тохиож байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 41 удаагийн объектийн түймэр гарч, аврагч гал сөнөөгчид нийт 12 хүний амь нас, айл өрх, албан байгууллагын 1,6 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тус аймагт одоогоор гал түймэр унтраах хоёр анги ажиллаж байна.  Техник хэрэгсэл, гал түймэр унтраах тоног төхөөрөмж хүрэлцээ муу, дутагдалтай хэдий ч алба хаагчдын хүний нөөц, мэргэжлийн ур чадварт тулгуурлан ийнхүү тус хамт олон амжилттай үүргээ гүйцэтгэсээр байна.

Харин 2021 он гарсаар гурван удаагийн түймэр гарчээ. Эдгээр нь мөн л объектын түймэр бөгөөд гарч буй түймрүүд иргэдийн санамсар болгоожгүй үйлдэл, цахилгааны хэт ачаалалтай холбоотой гэдгийг Гал түймэр унтраах 15 упгаар ангийн захирагч, ахмад Х.Жамъяансүрэн хэллээ.

Ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах их үйлсэд зүтгэж буй Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн, аврагч гал сөнөөгчдөдөө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүссэний түүхт 99 жилийн ойн мэндийг Сүхбаатар нутгийн нийт 56 мянган иргэний өмнөөс хүргэж, ажлын арвин их амжилтыг хүсье.

Т.ОДОНЧИМЭГ