Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМГИЙН МАН АМЬ ОРЖ ЭХЛЭВ ҮҮ…

Хоёр ч шатны сонгуульд өвдөг шороодож, ялагдал хүлээснээсээ хойш хэсэг хугацаанд сураг алдарсан Сүхбаатар аймгийн МАН саяхнаас амь орж эхлэв бололтой. Хэд хоногийн өмнөөс том жижиг машинууд намынх нь байрны үүдээр харагдах болсон шалтгаан нь энэ байж… Магадгүй удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль тэднийг сэрээсэн ч байж болох юм. Ямартай ч сэрэх нь зөв. Хэдийгээр дараалласан ялагдал хүлээсэн ч тэд өөрсдийгөө сөрөг хүчин гэдгийг санах ёстой. Учир нь шат шатны төр засгийн үйл ажиллагаанд сөрөг хүчний дуу хоолой дутагдахын зэрэгцээ, зайлшгүй хэрэгтэй байдаг нь үнэн.
Тэгвэл, 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж асуудлаа хэлэлцэн, зарим сумдын намын хорооны даргыг түр томилжээ. Үүнд, Баруун-Урт сумын намын хорооны даргаар Т.Амарбаатар, Мөнххаан сумын намын хорооны даргаар Л.Хүрэлтөмөр, Наран сумын намын хорооны даргаар О.Балжинням, Халзан сумын намын хорооны даргаар А.Отгонбаатар, Түвшинширээ сумын намын хорооны даргаар Б.Батсайхан нарыг томилжээ.
Мөн цар тахлын дэгдэлт буурч энгийн горимд шилжих үед намын дүрмийн дагуу намын хорооны дарга нарыг сонгох хурлыг тухайн сумдад нь очиж зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Т.ОДОНЧИМЭГ