Бүх цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ойд зориулж өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Аймгийн Засаг дарга болоод төр захиргааны байгууллага мөн МАН-ын удирдлага, гишүүд дэмжигчид энэхүү арга хэмжээнд оролцов.
Сүхбаатарчуудын бахархалт хүн, их жанжины мэндэлсний түүхэн ой тохиож байна. Хэдийгээр хорио цээрийн дэглэмтэй байгаа боловч бид энэ түүхэн хүнээ дурсахгүй өнгөрч болохгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу жанжныхаа хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгууллаа. Энэ бол уламжлал болсон ажил, тасалдах учиргүй. Нөгөө талаар ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууддаа түүхэн хүнээ таниулах ажлыг бид тогтмол хийх ёстой. Энэ утгаараа Сүхбаатар аймгийн МАН-ын хорооноос “Бид жанжны нутгийнхан” эсээ бичлэгийн уралдааныг зарласан. Цаашид ч олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэж МАН-ын дэд дарга И.Батсүх хэллээ.
Жанжин Д.Сүхбаатар нь 1893 онд тус аймгийн Сүхбаатар суманд мэндэлжээ.
Т.ОДОНЧИМЭГ