Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ОБГ, ЦГ, ЭМГ, Баруун-Урт сумын ЗДТГ-ын албан хаагчид хамтран худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. “Зай барь” аяны хэрэгжилт болоод коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажилтай нь танилцаж байгаа юм.
Дээрх мэргэжлийн байгууллагуудаас зохих зөвлөмжүүдийг тогтмол хүргүүлж байгаа ч бодит байдал дээр түүнийг хэрэгжүүлж буй газар ховор байгааг хэлж байна. Худалдаа үйлчилгээний газруудын бүртгэл хөтлөлт хангалтгүй, халуун хэмжигч байхгүй, ариутгалын бодис байрлуулаагүй, зай барих тэмдэг тэмдэглэгээ тодорхой бус, иргэд үйлчлүүлэгчдэд шаардлага тавьж, анхааруулж буй ажилтан байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Тэмдэглэлт баяр болох гэж байгаатай холбоотойгоор гадуур олны хөл хөдөлгөөн маш их байна. Нөгөө талаар худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа үнэхээр шаардлага хангахгүй байна. Зөрчил дутагдал их байна. Хяналт шалгалтын ажлын хэсгийн зүгээс зөрчил гаргасан газруудад хугацаатай үүрэг даалгаврыг өгч байна. Харин зөрчлөө арилгаагүй тохиолдолд дараагийн ээлжинд хариуцлага тооцох, бүр цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох саналыг аймгийн онцгой комисст хүргүүлнэ гэж аймгийн МХГ-ын хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Амарбат хэллээ.
Уг хяналт шалгалт нь нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Т.ОДОНЧИМЭГ