Баруун-Урт суманд цехийн үйлдвэрлэл эрхлэгч М.Батчимэг эрхзүйч мэргэжилтэй ч ажлын байр олдоогүй учир 2018 оноос хувиараа бизнес эрхэлж эхэлжээ. Түүний хувьд уламжлалыг технологитой хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүгээрээ орон нутгийн иргэдээ тогтмол хангахыг зорилгоо болгон ажиллаж байна. Тэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд аймгийн ХХҮГ-ын Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авчээ.
Эднийх хоёр ажилтантай. Өдөр бүр үйлдвэрлэлээ явуулж байна. Гэвч цаг үетэй холбоотойгоор бүтээгдэхүүний түүхий эдийн олдоц хомсдож, борлуулалт нь ч тодорхой хэмжээгээр буурсан байна. Одоогоор цехийнхээ үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэрчсэн гурил болон гэрийн боорцгийг үйлдвэрлэж байна. Эдгээр нь мөн л дээр хэлсэнчлэн уламжлалыг технологитой хослуулсан гэдгээрээ онцлог.
Анх өөрсдийн хүчээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ч цаашид илүз ахихын тулд ямар нэг дэмжлэг хэрэгтэй болсон. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ХХҮГ-ын залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан. Санхүүжилтийнхээ 70 хувиар тоног төхөөрөмж, 30 хувиар үйлдвэрлэлийн эргэлтийн бараа бүтээгдэхүүнээ авсан. Энэ нь бидэнд үнэхээр том дэмжлэг болсон. Гэвч удалгүй хөл хорио тогтоож, төлөвлөснөөрөө ажиллах боломжгүй болсон л доо. Одоогоор хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Баруун-Урт сумын дэлгүүрүүдийн 70 хувьд нь бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Цаашид бууз банш хийх, хэрчсэн гурилынхаа нэр төрлийг олшруулах гэх мэтээр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлууд байгаа гэж Шинэ амт цехийн эрхлэгч М.Батчимэг ярилаа.
Т.ОДОНЧИМЭГ