Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МАХ, СҮҮ ЦАГААН ИДЭЭНИЙ ТАСГУУДАД АЖИЛЛАВ

Мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй мал амьтны гаралтай мах, түүхий эд, бүтээгдэхүүнд QR код бүхий магадлан шинжилгээний цахим гэрчилгээг олгох ажлыг МЭЕГ-аас эхлүүлсэн. Үүний хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-аас Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн мах, сүү цагаан идээний тасгуудад ажиллалаа.

Ингэхдээ  мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй иргэдэд дээрх ажлын талаар танилцуулга мэдээлэл хийж, зөвлөмж өгсөн юм. Уг систем нэвтэрснээр иргэн бүр өөрийн авч буй мал, мах болон бусад төрлийн бүтээгдэхүүний гарал үүсэл, вакцин тарилгад хамрагдсан эсэх, нэг үгээр хэлбэл эрүүл эсэхийг тодорхойлох, хянах бүрэн боломжтой болно гэдгийг МЭГ-ын дарга М.Молорчимэг хэллээ.

Энэ үеэр МЭГ-аас худалдаачдын халдвар, хамгаалалд зориулж хормогч, амын хаалт, малгай, улавч, витамин зэргийг хүн бүрт олгов. Мөн санамсаргүй түүврийн аргаар зарим мах, сүүнд оношлогоо, шинжилгээг хийхэд ямар нэг зөрчил илрээгүй байна.

Т.ОДОНЧИМЭГ