Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГЭРИЙН АЖИГЛАЛТАД БАЙХДАА ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙН ЭРХИЙГ 14 ХОНОГООР ХЯЗГААРЛАНА

Улаанбаатараас Сүхбаатар чиглэлэд хүнсний ачаа тээвэр хийж буй автомашины жолооч нарын мөрдөх түр журмыг баталлаа. Жолооч нар тээвэр хийж ирээд, дараагийн тээвэрт явах хүртлэх хугацаанд гэрийн ажиглалтад байх ёстой бөгөөд энэ хугацаанд ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд тээвэр хийх эрхийг нь 14 хоногоор хязгаарлахаар журамлажээ.

Жолооч нар нэг удаа ирэхдээ 3-4 байгууллагын ачааг тээвэрлэж ирдэг бөгөөд үүнийгээ дэлгүүр болгонд нь очиж буулгадаг байсныг болиулж, тусгайлан бэлтгэсэн гражаас дэлгүүрүүдийнхээ барааг хүлээлгэн өгөхөөр зохион байгуулжээ. Учир нь голомтот бүсээс ирсэн жолооч олон чиглэлд хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Улмаар машиныг ариутгаж халдавргүйжүүлэн, жолоочийг нь төрийн албан хаагчийн хяналт дор гэрт нь хүргэн, ажиглалтад авах юм.

Ингэхдээ 02 дугаар сарын 11-ийг хүртэл жолооч нарын гэрийн ажиглалтад байх хугацааг хатуу тогтоохгүй, харин дараагийн тээвэрт явах хүртлээ мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг анхаарууллаа.

Тээвэрлэлийн үед урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах түргэвчилсэн тест, ариутгал халдавргүйжүүлэлтийн бодис болон бусад холбогдох зардлыг жолооч болоод тухайн байгууллага хариуцна гэж аймгийнОнцгой комиссоос мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ