Жил бүр зохион байгуулагддаг Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн болж байна. Ээлжит зөвлөгөөнөөр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2021 онд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар хэлэлцэж байгаа юм.
Ээлжит зөвлөгөөнөөр хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах, хилийн торыг сэргээх нь нэн тэргүүний асуудал гэдгийг оролцогчид хэлэв.
Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд хилийн хариуцсан хэсгийнхээ инженерийн байгууламжийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх асуудал нэн тэргүүнд яригдаж байгаа. Энэ асуудлаа хилийн сумд болоод хил хамгаалах туслах хүчний бүрэлдэхүүнд танилцуулж төсөвт суулгаж өгөх хүсэлтийг уламжиллаа. Манай ангийн хариуцсан хэсэгт дөрвөн сумын нутагт харъяалагддаг. 2020 онд Баяндэлгэр сумаас 2,2 км өргөст торон хашааг шийдвэрлэж өгсөн. Онгон сумын зүгээс хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гэрэлтүүлэг, Дарьганга сум хилийн хоёр салбарт тодорхой дэмжлэг, Наран сумаас хилийн харуулын байрыг сайжруулахад эд материалын дэмжлэг зэргийг үзүүлж, хамтран ажилласан гэж Онгон сумын дугаар ангийн захирагч, хурандаа Б.Баасансүрэн танилцууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга болоод хилийн цэргийн дугаар ангиудын удирдлага, хууль хүчний байгууллагын төлөөлөл мөн хилтэй залгаа нутагладаг сумдын удирдлагууд оролцож байна.
Сүхбаатарчууд бид Монгол орныхоо зүүн хил хязгаарыг манадаг онцлог газар нутагтай. Тэр ч утгаараа хилийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг сахин хамгаалах ажилд тусгайлан ач холбогдлыг өгдөг. Оны өмнө сумдад ажиллахдаа хилийн ангиудынхаа үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Ер нь хил манах гэдэг бол зөвхөн хэдэн хилийн цэргийн анги, отръядын асуудал биш, бүхий л хууль хүчний байгууллагууд нягт хамтарч бодлогоо зангидаж байж үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Тийм ч учраас ээлжит зөвлөгөөнөөр энэ ажлуудаа тодорхойлж байна. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн аюулгүй байдлыг сахин хамгаална гэсэн ерөнхий заалт байдаг. Хилийн торыг сэргээх ажил дан ганц орон нутгийн бус улсын хэмжээний бодлогын том ажил. Тиймээс бид өөрсдийн нутаг дэвсгэрт харъяалагдаж байгаа зурвасыг аюулгүй хамгаалж байх нь эхний ажил. Тиймээс бид энэ жилдээ задгай байгаа 10 километр зурвасыг хашаажуулж хамгаалалтад авах ажыг хийхээр төлөвлөж байна. Нөгөө талаар цаашид хилчдийнхээ ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх олон ажлыг хэлэлцэн батлана гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.
Т.ОДОНЧИМЭГ