Баруун-Урт сумын Нэгдүгээр цэцэрлэг шинэ байрандаа орж, 03 дугаар сарын 15-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү цэцэрлэг нь 200 хүүхдийн хүчин чадалтай ч 250 хүүхдийг хамруулах бүрэн боломжтой юм байна.
Анги тус бүр нь сургалтын, унтлагын, ариун цэврийн болоод эцэг эхчүүдээ хүлээн авах өрөөтэй. Мөн урлагийн болон спарт заал, багш хөгжлийн төв, багш ажилчдын алжаал тайлах өрөө, архивын, эмчийн гээд бүхий л шаардлагатай өрөө тасалгаатай. Өмнө нь дөрвөн бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тус цэцэрлэг шинэ байрандаа орсноор найман бүлэгт харьяаллын хүүхдүүдээ хамруулж эхэлсэн байна.
Хуучин цэцэрлэг 1958 онд баригдсан. Өрөө тасалгаа цөөтэй учир багш хүүхдүүд маань нэг ангидаа бүх үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Харин шинэ байртай болсноор сургалт хүмүүжлийн ажлаа зориулалтынх нь өрөө тасалгаануудад явуулах боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Зөвхөн үүнээс шалтгаалж сургалт, хөгжлийн олон сайн үр дүнгүүд гарна гэж харж байгаа. Цэцэрлэгийн тохижилтод зориулж БШУЯ-аас 56 сая төгрөгийн эд материал, тоглоом наадгайн дэмжлэг үзүүлсэн. Мөн цэцэрлэгийн гал тогоо бүрэн шинэчлэгдсэн. Бидэнд бодож төлөвлөсөн зүйл их байна. Цаашид өөрсдийн нөөц бололцоогоор цэцэрлэгээ илүү сайхан тохижуулж, үндэсний өв соёлоо дээдлэгч эко цэцэрлэг болох зорилтыг тавин ажиллаж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч Ж.Эрдэнэцэцэг хэллээ.
Тус цэцэрлэг ийнхүү шинэ байрандаа орж, хүчин чадал нэмэгдсэнээр Баруун-Урт сумын СӨБ-ын хамрагдалт 94 хувьд хүрчээ.
Харин Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ үзүүлэлт 92 хувьтай байна гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.
Т.ОДОНЧИМЭГ