Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төслийг хэрэгжүүлж эхэллээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэгвэл эдгээр иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чийрэгжүүлэх, амьдралын зөв хэв маягт сургах зорилго бүхий Ханан төслийг Монгол Улсын шилдэг клуб, Ханан фитнесс клубээс санаачлан хэрэгжүүлж эхэллээ.
Одоогоор бүрэн хараагүй хоёр, сул хараатай ес, хөгжлийн бэрхшээлтэй 15 гээд нийт 26 иргэн хамрагдаад байгаа аж.
ХБИ үргэлж хэн нэгний хараа хяналт дор байдаг. Тэдний хувьд фитнесс гэдгийг мэддэггүй, хичээллэхийг хүссэн ч очих зориг дутдаг байсан. Төсөл хэрэгжихийг мэдээд гишүүдийнхээ дунд судалгаа явуулахад ихэнх нь тэр нь ямар юм байдаг юм, яг юу хийх юм гээд ямар ч ойлголтгүй байсан. Тиймээс энэ бол үнэхээр цаг үеээ олсон төсөл юм. Нөгөө талаар тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж нийгэмд зөв хандлагыг түгээж байгаа Ханан клубын хамт олонд үнэхээр талархаж байна гэж аймгийн ХБИ-ийн холбооны тэргүүн Т.Золзаяа хэллээ.
Зүүн бүсийн ХБИ болон хараагүй иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, тэднийг чийрэгжүүлэх нь манай төслийн гол зорилго. Энэ хүрээнд эдгээр иргэд маань 16, 32, 64 тоот дасгалыг гэрийн нөхцөлд хийж хэвших, зөв хооллолтын мэдлэгтэй болох юм. Эхний өдрөөс л иргэд маш сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдэж байна. Тиймээс олон олон эерэг үр дүнгүүд гарна гэж итгэж байгаа гэж Ханан клубын дасгалжуулагч багш С.Ууганзаяа ярилаа.
Уг төслийг Биеийн тамир спортын улсын хороо, аймгийн Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд хамтран хэрэгжүүлэх юм. иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөтөч сурагчдыг бэлтгэжээ. Төсөл нэг сарын хугацаанд үргэлжилнэ.