Монгол Улсын Их хурлын гишүүн Н.Ганибал олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулагдсан “Эмч эмнэлгийн ажилтнуудаа сонсъё” цахим уулзалтад оролцжээ. Тэрээр энэ үеэр Сүхбаатар аймагт PCR-ын оношлогооны төхөөрөмжийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдод гардуулан өгчээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, Сүхбаатар аймагт коронавирусний халдвар батлагдаж, байдал хүндэрч эхэллээ. Тиймээс PCR-ын оношлогооны төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болоод байна. Энэ асуудлыг өмнөх сайдад хэд хэдэн удаа өөрийн биеэр уламжилж байсан. Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд ч холбогдох газруудад саналаа байнга хүргүүлсээр ирсэн ч дорвитой шийд гаралгүй өнөөг хүрлээ. Цаашид өвчлөлийн тархалт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Орон нутаг үүнд бэлэн байх ёстой. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Т.ОДОНЧИМЭГ