Боловсрол өргөө нэгдсэн дотуур байранд өнөөдрийн байдлаар 196 хүүхэд амьдарч байна. Аймгийн Онцгой комисс халдвар тархахаас сэргийлж сурагчдыг зургаа хоног байрнаас гаргахгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс тус дотуур байрны нөхцөл байдалтай очиж танилцлаа. Одоогоор бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй, сурагчдид хөл хориог эерэгээр харж, ашиглаж байгаа гэж дотуур байрны захирал Д.Бямбажав хэллээ.
Тэрээр, манай хамт олон нөхцөл байдалтай холбоотойгоор тусгай журам батлан түүнийгээ мөрдөн ажиллаж байна. Өрөө тасалгааны ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийж, бусад зөвлөмжүүдийг байнга дагаж мөрдөж байгаа. Хүүхдүүд мэдээлэл сайтай байгаа учир гаръя, явъя гэдэг асуудлыг огт гаргахгүй байна. Эцэг эхчүүдтэй ч байнгын харилцаа холбоотой байгаа учир хаа хаанаа ойлголцоод бүх үйл ажиллагаа хэвийн байгаа гэдгээ тодотгов.
Дотуур байрны сурагчдын 80-аас дээш хувь нь 12-оос дээш насныхан байна. Бага насны хүүхэд харьцангуй цөөхөн байдаг гэлээ. Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор тасгийн зохион байгуулалтад өөрчлөлт хийж, хүүхдүүдийг хамтдаа хичээлээ давтах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн давхар бүрийн нийтийн хэсэгт телевиз, ширээ сандал байрлуулж хүүхдүүдийг теле хичээлээ үзэх нөхцлөөр хангасан байна.
Мөн хоолны цэсийг өөрчилж, хооллох цагийг уртасгажээ. Хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор өдөр бүр 16 цагт халуун аарц, аньс, нэрс, чацарганы шүүсийг нэмэлтээр өгч эхэлсэн байна.
Харин хүүхдүүдийн хувьд хөл хорионы энэ үеийг хичээл номоо давтах, өөрсдийгөө хөгжүүлэх, нэг нэгнээсээ суралцах боломж болгон ашиглаж байгаагаа хэлж байлаа. Дотуур байрны удирдлагуудын зүгээс ч үүнд анхаарч номын сан, хүүхэд хөгжлийн танхимаа тохижуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан байнгын ажиллагаатай байлгах болжээ.
Боловсрол өргөө нэгдсэн дотуур байр нь 24 багш,ажилтантай. Бүгд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ