Аймгийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдэв.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 04 дүгээр сарын 04-ний байдлаар 1488 иргэнийг түргэвчилсэн, 1463 иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулснаас 04 дүгээр сарын 04-ний 06 цагийн байдлаар өвчлөл нэмэгдээгүй байна.
Харин 21 хүн тусгаарлан ажиглах байранд, 2758 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн газраас өглөө.
Харин АНЭ-ээс мэдээлэхдээ, Баруун-Урт суманд 20 ортой, 50 ортой хоёр эмнэлэгт халдвар авсан 40 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүнийх хөнгөн байна. Эмчлүүлэгсдийг насны ангиллаар авч үзвэл 16-24 насны дөрөв, 25-44 насны 21, 45-49 насны нэг, 50-64 насны 11, 65-аас дээш насны гурван иргэн байгаа юм. Мөн батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд болох бага насны найман хүүхэд эмнэлэгт хамт тандалтын ажиглалтад байгаа гэв.
Т.ОДОНЧИМЭГ