Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэрэг дайчдын сэтгэл зүйн байдлыг хангах зорилгоор Сүхбаатар аймгаас 2020 оны нэг, хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзууллаа.
Уулзалтын товыг урьдчилан гэрийнхэнд нь мэдэгдэж, эцэг эхчүүд хаа байгаа газраасаа товлосон цагт хүүхэдтэй цахимаар болон утсаар холбогдох боломжийг бүрдүүлжээ.
Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангийн удирдлагатай харилцан тохиролцсоны дагуу энэхүү ажлыг зохион байгуулсан. Хугацаат цэргийн алба хаагчид болоод ар гэрийнхэн нь сэтгэл хангалуун байгаа. Энэ бол цэргүүд албаа хэрхэн хааж байгаа, анги байгууллагын нөхцөл байдлыг ар гэрийнхэнд таниулах, цэргийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах гээд олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Цаашид цар тахал намдахаар эргэлтээс эхлээд цэргийн алба хаагчид болоод ар гэрийнхэнрүү нь чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Ө.Баясгалан хэллээ.
Эхний ээлжинд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид ийнхүү ар гэрийнхэнтэйгээ цахимаар уулзсан бол, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид энэ сарын 08-ны өдөр 14-18 цагийн хооронд гэрийнхэнтэйгээ холбогдох юм байна.
Т.ОДОНЧИМЭГ