Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Өлзийтогтох хоёр дахь жилдээ борцны үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд богино хугацаанд өөрийн аймагтаа төдийгүй өөр аймаг сумдад бүтээгдэхүүнээ борлуулдаг болж олны талархлыг хүлээгээд байгаа юм. Анхны жилээ таван үхрээр борцбэлтгэж байсан бол энэ жил 15 орчим үхрээр борцоо бэлтгэжээ.Одоогоор борцоо эцсийн бүтээгдэхүүн болгох ажил нь ид өрнөж байна.
Тэрээр 2020 онд аймгийнхаа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зарласан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих старт ап хөтөлбөрт хамрагдан санхүүжилтээр авснаар өөрийн бизнесээ эхлүүлж байсан. Талын монгол борц нь хоёр төрлийн савлагаатай. Нүдэж савласан нь дотроо мөн хэмжээгээрээ өөр өөр. Энэ жил зарим хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу хатсан борцоо тэр чигээр нь гурван килограммаар савлан худалдаанд гаргажээ. Өнгөрсөн жил борлуулалт сайн байсан ч энэ жилийн тухайд хорио цээрийн нөхцөл байдлаас шалтгаалан борлуулалтаа хийхэд бэрхшээлтэй болжээ. Аймгийн төвдөө хоёр дэлгүүрээр борлуулж байгаа бол өөр аймаг, сумруу Монгол шуудан компанийн үйлчилгээгээр дамжуулан түгээж эхэлсэн байна.
Эдний бүтээгдэхүүн уламжлалт аргаар салхинд хатаан, нүдэж савласан гэдгээрээ онцлог. Борцоо нүдэх, хэрчих, хэмжих, савлах гээд олон шат дамжлагатай энэ ажилд өрхийн бүх гишүүд гар бие оролцдог байна. Борцоо эцсийн бүтээгдэхүүн болгон иргэдийн гар дээр очих хүртэл багагүй ажиллагаа ордог ч түүний хувьд техник тоногтөхөөрөмжийн хүчийг ашиглахыг эрмэлздэггүй. Учир нь энэ нь борцны үндсэн төрх, амт чанарыг алдагдуулдаг байна. Тиймээс цаашид ч яг л энэ уамжлалт аргаараа үйлдвэрлэлээ явуулна, гагцхүү борцоо хатааж савлах жижигхэн үйлдвэрийн байртай болохыг хүсдэг.
Мөн тэрээр МУЗГ-аас зарласан үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бага хүүтэй зээлд хамрагдах хүсэлтээ өгчээ. Үүнд хамрагдаж чадвал гол түүхий д болох мал, махаа худалдан авахаар төлөвлөсөн тухайгаа ярьж байлаа.
Б.Өлзийтогтох өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн зэрэгцээ бусад үйлдвэрлэл эрхлэгчдээ ч мөн дэмжихийг хичээдэг. Уут сав, хаяг шошго гээд бүгдийг орон нутагтаа хийлгэдэг байна.
Т.ОДОНЧИМЭГ