УИХ-ын гишүүн Н.Ганибал, гишүүн Ж.Батсуурийн хамт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай уулзаж, нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгч, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт PCR оношлогооны төхөөрөмжийг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх талаар албан хүсэлтээ өгчээ.
Монгол Улсын Засгийн газар үлдсэн аймгуудад дээрх төхөөрөмжийг нийлүүлэх хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт одоо ашиглаж байгаа вирус тоолдог аппаратаа нэмэлт тоног төхөөрөмжөөр сайжруулан шаардлагатай шинжилгээг хийх боломжийг бүрдүүлэхийг орон нутгийн удирдлагууд, аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.
Энэ хүрээнд Сүхбаатар аймгаас ХӨСҮТ-д дайчлагдан ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг чөлөөлүүлэн, PCR оношлогооны лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах, мэргэжил аргазүйн сургалт, дадлагад хамруулан бэлтгэхийн зэрэгцээ орон нутаг дахь эмч мэргэжилтнүүдийг мөн чадавхжуулах үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна гэж УИХ-ын гишүүн Н.Ганибалын ажлын албанаас мэдээллээ.