Хэнтий, Дорнод аймагт хүлээгдэж байсан сорьцын шинжилгээний хариу гарч, 04 дүгээр сарын 21-ний 08 цагийн байдлаар тус аймгийн хэмжээнд халдварын 11 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 137 боллоо. Сүүлийн 24 цагт нэмэгдсэн 11 тохиолдлыг харъяаллаар авч үзвэл Баруун-Урт суманд хоёр, Сүхбаатар суманд дөрөв, Онгонд гурав, Мөнххаанд хоёр тохиолдол нэмэгджээ. Баруун-Уртын хоёр тохиолдол нь тусгаарлах эмнэлэгт хүнд болон нэн хүнд иргэдийг эмчилж байсан эмнэлгийн ажилчид юм байна.
Ингэснээр Баруун-Урт суманд нийт найм, Сүхбаатарт 28, Онгонд гурав, Мөнххаан 88, Уулбаянд найм, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад нэг нэг тохиолдол бүртгэгдээд байна. Онгон суманд халдвар бүртгэгдснээр коронавирусний халдар Сүхбаатар аймгийн долоон суманд гараад байгаа юм.
Мөн сүүлийн 24 цагт эдгэрч эмнэлгээс гарсан хүн байхгүй. АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 70, Онгон сумын ЭМТ-д гурав, Баяндэлгэр сумын ЭМТ-д нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчийн биеийн байдлын тухайд хөнгөн 59, хүндэвтэр 11, хүнд гурав, нэн хүнд нэг иргэн байна. Эмэгтэйчүүд болоод 50-аас дээш насныхан энэхүү халдвараар өвчлөх магадлал өндөр байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Одоогоор 24 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ