Сүүлийн 24 цагт Сүхбаатар аймагт халдварын найман тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 195 боллоо. Энэхүү найман тохиолдол нь Онгон суманд батлагдсан бөгөөд одоогоор эх үүсвэр нь тодорхойгүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Тус иргэдийг АНЭ-рүү татан авсан. Одоогоор тусгаарлах эмнэлэгт 16 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 14, хүндэвтэр нэг, хүнд нэг иргэн байна.
Тандалт, судалгааны багийн дүгнэлтээр Онгон суманд дахин халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж тогтоожээ. Тиймээс тус суманд хөл хорио тогтоож, ойрын болон дам харьцагчдыг тогтоох, голомтын ариутгал халдаргүйтгэлийг хийх ажлуудыг зохион байгуулж байна. Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын 181, дам 374 харьцагч байгаагаас 10 харьцагч нь Баруун-Урт суманд байгаа аж.