Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХОТ ХООРОНД 7 ХОНОГТ ДӨРВӨН УДАА АВТОБУС ЯВНА

5 дугаар сарын 22-ны 06 цагаас хот хооронд болон орон нутгийн замыг нээхтэй  холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутагт хэрхэх талаар зохицуулалтыг хийлээ. Улмаар хот хооронд долоо хоногт дөрвөн удаа нийтийн тээврийн автобусыг явуулахаар болов.

Ингэхдээ автобус нь өдөрт нэг удаа зөвхөн өглөөний 08 цагаас явна. Баруун-Уртаас Улаанбаатар руу Даваа, Пүрэв, Баасан, Ням гарагт Улаанбаатараас Баруун-Урт руу Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагт автобусыг явуулахаар шийдвэрлэв. Харин Улаанбаатар Эрдэнэцагаан руу долоо хоног бүрийн Ням гарагт нэг удаа автобус явах бол Онгон суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар Дарьганга чиглэлийн автобусыг тодорхойгүй хугацаагаар хориглосон хэвээр байна.

Тасалбарыг цахимаар болон халдвар хамгааллын дэглэм баримтлан кассаар борлуулах бөгөөд автобус нэг удаа явахдаа 40 хүртэлх зорчигтой байна. Тасалбарын үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй.

Зорчигч иргэдийн тухайд вакцины 1, 2-р тундаа бүрэн хамрагдсан болон халдвар аваад  эдгэрсэн тохиолдолд батлах баримт бичгийг үзүүлснээр ямар нэг шинжилгээ өгөлгүй шууд зорчино. Мөн гэрийн ажиглалт, тусгаарлалтад орохгүй.

Вакцины 1-р тунгаа хийлгэсэн, 2-р тундаа хамрагдаагүй эсвэл 2-р тундаа хамрагдсан ч 14 хоноогүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч зорчино. Хот хооронд өөрсдийн унаагаар болон сум хооронд зорчих иргэдэд энэхүү журам адил үйлчилнэ.

Т.ОДОНЧИМЭГ