Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН СУРТАЛЧИЛГААНЫ НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлт Сүхбаатар аймагт боллоо. Нэр дэвшигчийг аймгийн удирдлагууд төв талбайдаа угтан авч, хамтдаа их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр нээлтийн үйл ажиллагаа эхлэв. Нутгийн ард иргэд ч олноор цугларсан байлаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Юуны өмнө надад итгэл үзүүлж, өндөр үүрэг хариуцлага хүлээлгэж Ерөнхийлөгчийн сонгуульд илгээсэн журмын нөхөд, нутгийн ахан дүүс та бүхэндээ баярлалаа. Миний хувьд сонгуулийнхаа сурталчилгааг эцэг өвгөдийн төрөлх нутаг Сэцэн хан аймгаас эхлүүлж, аавынхаа төрсөн нутаг Сүхбаатар аймагт амжилттай үргэлжлүүлж байгаадаа туйлын таатай байна. 2021 он бол Монгол Улсын хувьд онцлогтой жил. Ардын хувьсгалын 100 жил, улс төрийн ууган хүчин МАН-ын түүхт 100 жилийн ой гээд олон түүхэн ой тохиож байна. Одоогоос 100 жилийн өмнө бид улсынхаа тусгаар тогтнолыг энэхүү агуу жанжин болон бусад түүхэн хүмүүсийн хүчээр олж авсан. Бид бол талын баатруудын үр удам. Их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй баатрууудынхаа алдар гавьяа, суу алдрыг гэрэлт хөшөөний тань өмнө дурсан санаж байгаадаа баяртай байна. Агуу жанжин тандаа мэхийн ёслоё. Бид бол таны алдрыг залгамжлан, үргэлжлүүлэн авч явах учиртай ард түмэн. Тиймээс миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн бус хууль засагладаг ардчилсан шударга төрийг бий болгохын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгаж болохгүй. Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ётой. Ийм төр байсан, цаашид ч байх ёстой. Үүний төлөө л бид хамтдаа зүтгэх ёстой гэж бодож байна. Би өмнө нь шударга ёсны төлөөх тэмцэлд үргэлжлэл бий гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Энэ тэмцэл үргэлжилж байгаа. Шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй иргэдийг яллан шийтгэдэг, бусдад зохиомол хэрэг тохдог, хэлмэгдүүлдэг, улс төрийн болон хувийн зорилгоор хуулийг завхруулдаг үйлдлийг таслан зогсоох ёстой. Хараат бус, хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө, төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хүртэл хуулийн өмнө тэгш байдаг, ард иргэдээ алагчилдаггүй төр засаг, хууль шүүхийн байгууллагыг бий болгохын төлөө миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ амлая. Энэ хийж болохгүй ажил биш. Үүнд их хөрөнгө мөнгө хэрэггүй, гагцхүү сэтгэл, эр зориг л хэрэгтэй. Зориг эс хүрвэл, ухаан эс хүрнэ гэдэг. Одоо л бид зориглож, эрч хүчтэй, шийдэмгий ажиллах цаг ирсэн байна. Үр хүүхдүүддээ бид шударга сайхан нийгмийг л үлдээх ёстой. Шударга нийгэм бол бидний амьсгалах агаар юм. Мөн монгол хүн газар шороондоо эзэн байж, байгалийн баялагаа эн тэнцүүхэн хүртэх явдал бол шударга ёстой бас нэг зарим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр шимийг манай иргэд хэдийн хүртээд эхэлсэн. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, илүү ихийг иргэддээ хүртээх нь миний  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бас нэг шалтгаан гэдгээ онцлон хэллээ.

Иргэд ч нутгийн хүүгээ дэмжиж, бид итгэлээ өгвөл тэр сэтгэлээ өгч чадна. Нутгаасаа Ерөнхийлөгчтэй болъё хэмээн уриалж, дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

Т.ОДОНЧИМЭГ