Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БӨХЧҮҮД БАЯР НААДМЫН ТОВЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, үндэсний баяр наадмын товыг тогтоолоо. Ардын хувьсгалын 100 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмыг сумдын хэмжээнд 7 дугаар сарын 3, 4-нд, харин аймгийн баяр наадмыг 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Товыг тогтоохдоо сумдын удирдлагууд болоод Сүхбаатар аймгийн Жавхлант шарга МСУХ-ноос гаргасан саналд үндэслэсэн гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ.

Харин иргэд уг товыг харилцан адилгүй хүлээн авч байна. Ялангуяа бөхчүүдийн хувьд улсын баяр наадамтай давхацсанаар аймгийн бөхчүүд улсад барилдах боломжгүй болсныг шүүмжилж байна. Учир нь Ардын хувьсгалын 100 жилийн ойд улсад зодоглох хүсэлтэй олон бөхчүүд байгаа, баяр наадмын товыг тогтоохдоо бөхчүүдээс мөн санал авах ёстой гэдгийг хэлж байгаа юм.

Баяр наадмыг зохион байгуулах комиссыг байгуулж, улмаар энэ өдрөөс зохион байгуулалт хийгээд бусад бэлтгэл ажлаа хангахыг сумд, ААНБ-ын удирдлагуудад үүрэг болгожээ.

Т.ОДОНЧИМЭГ