Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 601 ХҮНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭЭД БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээе” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг Сүхбаатар аймгийн хэмжээнд 18,1 тэрбум төгрөгийг 338 зээлдэгчид олгоод байна. Ингэснээр зөвхөн энэхүү зээлийг олгосоноор аймгийн хэмжээнд 601 хүний ажлын байрыг хадгалж үлдээд байна.

Тодруулбал 8,1 тэрбум төгргийг 48 ААНБ-д, 10 тэрбум төгрөгийг 290 иргэнд олгожээ. Төрийн банк 182 зээлдэгчид 7,4 тэрбум, Голомт банк 22 зээлдэгчид 3,1 тэрбум, Хаан банк 126 зээлдэгчид 7,2 тэрбум, Хас банк найман зээлдэгчид 296 сая төгрөгийг олгоод байгаа аж. Одоогоор арилжааны банкиуд дээр 66,9 тэрбум төгрөгийн хүсэлт судлагдаж байна.

Харин хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 45 иргэний зээлийн хүсэлтээс татгалзжээ. Учир нь зорилтот хөтөлбөртэй зээл хүсэгчийн чиглэл, зорилго нь тохирохгүй байгаатай холбоотой гэж Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр мэдээллээ.

Т.ОДОНЧИМЭГ