Онгон суманд коронавирусний халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. 6 дугаар сарын 4-ний байдлаар тус суманд нийт 113 тохиолдол бүртгэгдээд байгаа нь анх халдвар эрчимтэй тархаж байсан Мөнххаан сумын нийт халдвараас 20 орчмоор илүү байгаа юм. Цаашид ч дахин нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байна.
Тиймээс аймгийн Шуурхай штабын шийдвэрээр өвчний голомтыг хумих, тархалтыг зогсоох зорилгоор “Нэг өрх-нэг шинжилгээ”-г өрнүүлж эхэлжээ. Мөн сумын хэмжээнд хөл хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байна.
Онгон суманд удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр Шуурхай штабын дөрвөн гишүүнтэй баг ажиллаж байна. Мөн Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Баяндэлгэр сумдаас эмч, эмнэлгийн ажилтнуудыг татан авч, дайчилж байгаа аж.
Т.ОДОНЧИМЭГ