Сэлэнгэ үүлдрийн махны чиглэлийн бухыг малчдад түрээсээр олголоо. Нийт 14 бухыг малчин өрхүүдэд нэг жилийн хугацаатай олгож байгаа бөгөөд энэ хугацаанд малчид төл бойжуулан авч үлдэх аж.
Малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Баруун-Урт сумын ИТХ-аас 2021 оны аймгийн төсөвт 30 сая төгрөг тусгуулсан. Энэ хүрээнд мах, сүүний чиглэлийн эцэг малыг малчдад олгох юм. Цаашид жил бүр ийм төрлийн ажил хийгдэнэ. Эхний ээлжинд Сэлэнгийн цагаан толгойт, махны чиглэлийн бухыг тендерийн дагуу малчдад олгож байгаа. Малчид сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан авч, нэг жилийн дараа буцаан өгөх ёстой гэдгийг Баруун-Урт сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Гантөмөр хэллээ.
Сумын ЗДТГ-т малчдаас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн бухнуудыг наймдугаар багийн 10 малчин өрхөд олгожээ. Бүх бухыг тарилга туулга, эрүүл мэндийн бүх үзлэгт хамруулсан байна. Ингэж үхэр сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулснаар малын чанар сайжрах, цаашлаад махны гарц нэмэгдэж, малчдын орлого нэмэгдэх том боломж гэж малчид ярьж байна.