Сүхбаатар аймгийн хэмжээнд жилд 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцдаг. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг хөгжүүлэх, тэгш боловсрол олгох, оюуны болон биеийн хөгжлийг нь сайжруулах зорилгоор “Хүүхэд хөгжлийн танхим”-ыг Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд нээлээ.
Тус сургуульд өнгөрсөн хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхэд суралцжээ. Анги хамт олны дунд орсноор тухайн хүүхдэд оюун санаа болоод бие бялдарын олон ахиц дэвшил гарч, хүүхдүүд өөрсдийгөө тусгаарлахаа болидог учир хүүхэд өөрөө төдийгүй эцэг эхчүүд ч сэтгэл хангалуун байдаг байна.
Манай сургууль жил болгоны элсэлтэндээ харьяаллын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хамруулахыг зорьдог. Танхимын сургалтад хамруулах тохиолдолд нэг багшид нэг л хүүхдийг хариуцуулдаг байсан. Харин зориулалтын танхим нээгдснээр хэд хэдэн хүүхдийг хамтад нь сургах, хөгжүүлж болох юм. Мөн хичээлийн бус цагаар хүүхдүүд өөрсдөө танхимаар үйлчлүүлэх бүрэн боломжтой гэж нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Т.Болортуяа хэллээ.
Танхимыг БСШУЯ, Дэлхийн банкны хамтарсан 33,1 сая төгрөгийн санхүүжилтээр нээж буй бөгөөд улсын хэмжээнд ийм 30 танхимыг байгуулжээ.