Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ОРОН НУТГИЙН 963 ТОХИОЛДЛЫН 384 НЬ СҮХБААТАРТ БҮРТГЭГДЭВ

Сүүлийн 24 цагт орон нутгийн хэмжээнд 963 тохиолдол шинээр бүртгэгдсэний 384 нь Сүхбаатар аймагт  бүртгэгдэв. Ингэснээр тус аймагт нийт батлагдсан тохиолдол 9833 болж арван мянгад дөхөв. Харин халдварын шалтгаант нас баралт 14 боллоо.

384 тохиолдол нь 13 сумыг хамарч байгаа бөгөөд Баруун-Уртад 150, Баяндэлгэр суманд 71, Мөнххаан суманд 48-аар нэмэгдэж, тус сумдад халдварын тархалт хамгийн их байгааг илэрхийлэв. Батлагдсан тохиолдлын тоо олноор бүртгэгдсэнээр хүнд, хүндэвтэр өвчтөний тоо өсөж, нас баралт нэмэгдэж байна гэж ЭМГ-аас анхаарууллаа.

Ийнхүү сүүлийн өдрүүдэд халдварын шинээр бүртгэгдэх тохиолдол буурахгүй тогтмол 250-300-г давж байгаа учир улсын Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Онцгой комиссоос ААНБ-ын удирдлагуудад ажилтан, албан хаагчдын вакцины хамрагдалтын судалгааг гаргаж, нэмэлт гуравдугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхийг үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт коронавирусний халдвараар 2071 иргэн ЭМБ болон гэрээр эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 51, 0-18 насны хүүхэд 232 байна. Өөрөөр хэлбэл эрсдэлт бүлгийн иргэд халдварт өртөх байдал нэмэгдсээр байгааг хэлж байна.